МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ӨРСӨЛДӨХИЙГ УРЬЖ БАЙНА

Share Button

МУИС-ийн Захирлын А/126 тоот тушаалаар батлагдсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн журмын дагуу МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх, өрсөлдөх суралцагчдын материалыг хүлээн авч байна. Тэтгэлэгт мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба нэр дэвшүүлэх ба оюутан өөрийгөө дэвшүүлэн өрсөлдөх боломжтой.

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Дараах болзлын аль нэгийг хангасан суралцагч МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших боломжтой. Үүнд:

• Тухайн хичээлийн жилд математик, физик, хими, биологи, газарзүй, мэдээлэл зүй, монгол хэл, гадаад хэл, түүх, нийгмийн ухааны чиглэлээр зохион байгуулагддаг, БСШУЯ-ны сайдын тушаалаар баталсан улсын олимпиадад эхний 3 байрт шалгарч МУИС-д элссэн оюутан байх

• Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 700 болон түүнээс дээш оноо авч МУИС-д байгаль, нийгэм, хүмүүнлэг, инженерчлэлийн мэргэжлийн чиглэлээр элссэн оюутан (байгалийн ухааны чиглэлээр элсэгчдийн хувьд ЭЕШ-ын үнэлгээ 650-аас доошгүй байх)

• Олон улсын олимпиадад шагналт байр эзэлж медаль хүртсэн оюутан

• Гурваас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцсан оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)

• Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг мэргэжлийн олимпиадад эхний 3 байр эзэлсэн оюутан

• Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож эхний 3 байр эзэлсэн оюутан

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

• Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/

• Иргэний болон оюутны үнэмлэхийн хуулбар

• Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт

• Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх баримт бичиг, түүний хуулбар

• Тэнхим, бүрэлдэхүүн сургууль, профессор багшийн тодорхойлолт

• Эссэ бичлэг /монгол хэлээр/. Эссэг дараах сэдвүүдээс сонгож бичих бөгөөд 300-аас доошгүй үгтэй, бодит байдалд тулгуурласан байх:

“МУИС-ийн Оюутны хөгжил, төлөвшлийг миний нүдээр”

“МУИС-ийн Оюутан-Монголын ирээдүй”

“МУИС-ийн Оюутны хөгжил дэвшилд миний оруулах хувь нэмэр”

Тэтгэлэг гардуулах хугацаа: Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээн дээр шалгарсан оюутнуудад тэтгэлгийг ёслол төгөлдөр гардуулна.

Тэтгэлгийн журмыг эндээс харна уу. 

Материал хүлээн авах хугацаа: 2015 оны зургадугаар сарын 23-ны 17.00 цаг хүртэл

Материал хүлээн авах газар: МУИС хичээлийн 1-р байр, 219 тоот Б.Энхжаргалд хүргүүлнэ.

СНА