Сургалтын нийтлэг үйлчилгээний суурь төлбөрийн талаарх зарим үйл явдлын тойм

Share Button

Сургалтын нийтлэг үйлчилгээний суурь төлбөрийн талаар МУИС-ийн зарим оюутнууд гомдол гаргаж, жагсаал цуглаан хийх зэргээр эсэргүүцэл илэрхийлсэн үйл явдал сүүлийн өдрүүдэд МУИС дээр өрнөж байна. Энэхүү асуудлыг МУИС-ийн захиргааны зүгээс анхааран үзэж, оюутны төлөөлөлтэй тогтмол уулзаж, тэдний шаардсан мэдээ мэдээллийг ил тод мэдээллэж, санал хүсэлтийг нь сонсож, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн зарим сүлжээгээр МУИС-ийн удирдлагууд оюутнуудыг хүлээн авч уулзахгүй, шаардсан мэдээлэл тайлбар өгөхгүй байгаа мэтээр үндэслэлгүй ташаа мэдээ нийтлэгдэх болсонтой холбогдуулан доорхи үйл явдалын тоймлон хүргэж байна.

  • 2017 оны 01 сарын 23-нд МУИС-ийн оюутны холбоо, оюутан конгресс нь нийтлэг үйлчилгээний суурь төлбөрийн зарцуулалтын талаар шаардлагыг МУИС-ийн захиргаанд ирүүллээ.
  • 2017 оны 01 дүгээр сарын 27-нд Дээрх шаардлагын хариуг МУИС-ийн захиргаа нь бичгээр өгч, дэлгэрэнгүй тайлбарлав.
  • 2017 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат оюутны төлөөлөлтэй уулзаж, сургалтын суурь төлбөрийн талаар тайлбар өгч, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах боломж, оюутны оролцоог нэмэгдүүлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлэв. Түүнчлэн МУИС-ийн захирал болон Удирдах зөвлөлийн багш нарын төлөөлөлтэй оюутнуудыг уулзах уулзалтыг зохион байгуулахаар мэдэгдэв.
  • 2017 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагт МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ эрдмийн танхимд оюутнуудтай уулзаж төсөв, түүний зарцуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, удахгүй болох Удирдах зөвлөл 2017 оны төсвийн төсөлтэй хамтатган сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэхийг  тайлбарлав. Түүнчлэн оюутнуудын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.
  • 2017 оны 1 дүгээр сарын 31-ны 12 цагт Удирдах зөвлөлийн багш нарын төлөөлөл болох Проф А.Галтбаяр, Проф Ч.Лодойравсал нар оюутны төлөөлөлтэй уулзаж, тэдний шаардлагыг сонсож, өөрийн байр суурийг илэрхийлж, санал бодлоо солилцов.
  • 2017 оны 1 дүгээр сарын 31-ны 16 цагт МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдав. Хуралдаанаар  нийтлэг үйлчилгээний суурь төлбөрийн талаар Үндэсний аудитын газрын шинжээчийн албан шаардлагатай холбогдуулан санал боловсруулж, Үндэсний аудитын газартай хэлэлцэж, зөвшилцөх ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Эрдэнэчимэгээр ахлуулан байгуулсан. Энэхүү ажлын хэсэгт: УЗ-ийн гишүүн Проф Ч.Лодойравсал, Оюутны төлөөлөл Б.Хосбаатар, дэд захирал Ч.Нарантуяа, проф А.Эрдэнэцогт, хуулийн зөвлөх Б.Энхтайван нар орж ажиллахаар болсон.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны товчоон:

  • Ажлын хэсгийн эхний хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд болж оюутнуудын төлөөлөлд холбогдох мэдээллийг өгөв.
  • Ажлын хэсгийн хоёр дах хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот өрөөнд 17 цагт хуралдаж ажлын хэсгийн гишүүн Ч.Лодойравсал, Б.Хосбаатар, Б.Энхтайван, Санхүүгийн албаны дарга Б.Энхцэцэг, оюутны төлөөлөл Б.Хосбаатар болон А.Эрдэнэбаяр нарт холбогдох мэдээлэллийг хүргэв.
  • Ажлын хэсгийн гурав дахь хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр МУИС-д болов. Хуралд Ч.Лодойравсал, Б.Хосбаатар, Б.Энхтайван, Эрдэнэбаяр нар байлцаж мэдээлэл санал солилцсон.
  • 2017 оны 02 дугаар сарын 09-нд МУИС-ийн захиргаанаас хэвлэл мэдээлэл, оюутан суралцагчдад хандсан албан мэдэгдлийг нийтлэн хүргэв
  • 2017 оны 2 дугаар сарын 9-ны 10 цагт Оюутнуудын төлөөллийг МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ болон бусад удирдлагууд хүлээн авч уулзаж  санал хүсэлтийг нь сонсов. Энэ уулзалтын үеэр захирал Р.Бат-Эрдэнэ Удирдах зөвлөлийн ажын хэсэгт оюутны төлөөлөл өөрсдөө оролцон ажиллаж байгаа тул Б.Хосбаатар энэ талаар бусдаас илүү мэдээлэлтэй байгаа болон сургалтын суурь үйлчилгээний төлбөрийг багц цагийн төлбөрт шилжүүлэх шийдвэр УЗ-өөс гарсан тохиолдолд МУИС-ийн зүгээс төсвөө эргэн харах боломжийг судалж байгааг танилцуулсан.

Түүнчлэн оюутнууд өлсгөлөн зарлана гэсэн мэдээ зарим мэдээллийн хэрэгслээр тарж байгааг дурдаж, ийм эсэргүүцлийн хэлбэрээс үүдэн гарч болох сөрөг үр дагавар, оюутны эрүүл мэнд, амь насанд тулгарч болох аюулын талаар анхааруулж, хуулийн дагуу ажиллахыг сануулсан. Оюутны төлөөлөл Б.Хосбаатар, А.Эрдэнэбаяр нар өлсгөлөн зарлана гэж албан ёсоор бид зарлаагүй, олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүржин нэр өгч үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг онцлоод энэ талаар албан ёсны няцаалт өгнө гэдгээ мэдэгдсэн.

Ингэхдээ МУИС-ийн хэвлэлийн төлөөлөгчтэй хамтарч хэвлэлийн бага хурал хийхээр тохиролцсон болно. Тус уулзалтын үеэр Б.Хосбаатар сургалтын зарим анги танхимийн засварын тухай санал гаргасантай холбогдуулан захирал Р.Бат-Эрдэнэ 2017 оны засварын ажлын төлөвлөгөө гаргахдаа оюутны төлөөлөлтэй уулзаж тэднийн санал зөвлөмжийг тусгаж ажиллах үүргийг бүрэлдэхүүн сургуулиудын захирал болон холбогдох албан тушаалтнуудад өгсөн тухайгаа танилцуулсан.

  • Ажлын хэсгийн дөрөв дэх хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 1600 болов. Уг хуралдаанаар төсвийн саналыг хэлэлцлэв.

2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Монгол нюьс мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Б.Хосбаатар, Эрдэнэбаяр нарын мэдээллийг зарим нэг өдөр тутмын сайтуудад МУИС-ийн захиргаа оюутнуудын хүссэн суурь төлбөрийн талаарх мэдээллийг өгөхгүй, уулзахгүй байгаа талаар үндэслэлгүй мэдээлэл нийтэлжээ.

МУИС нь мэдээллийн ил тод байдлыг дээдэлж, хэвлэл мэдээллийн байгууллага болоод Б.Хосбаатар тэргүүтэй оюутны төлөөлөлд холбогдох мэдээллийг цаг тухай бүрт өгч албан тайлбарыг өгч ажиллаж байгааг дахин хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

МУИС оюутны эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэж, өөрсдийн шаардлага хүсэлтийг чөлөөтэй илэрхийлэх боломжоор оюутны төлөөллийг бүрэн хангаж байгааг дурдахын зэрэгцээ үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийн нэр хүндэд хууль бусаар үндэслэлгүй халдаж байгааг аливаа үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариу өгөх болно гэдгээ мөн мэдэгдэж байна.

Удирдах зөвлөлөөс томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гарсанаар МУИС-ийн Удирдах зөвлөл нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сургалтын төлбөр болон бусад төсөвтэй холбоотой шийдвэр гаргах болно.

МУИС-ийн сургалтын төлбөр, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг МУИС-ийн цахим хуудаснаас үзэх боломжтой:  www.num.edu.mn

МУИС-ийн захиргаа