МУИС-ийн “МУИС-Стартап Лаб – MUIS Startup Lab” хөтөлбөрийн удирдамж

Share Button

Бүтээлч, шинийг санаачлагч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэгч, манлайлагч оюутан залууст зориулсан хөтөлбөрийг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв, ХШУИС-ийн Машин оюуны лаборатори, Бизнесийн сургууль хамтран МУИС-ийн бүх мэргэжлээр бүх шатны хөтөлбөрт (бакалавр, магистр, доктор) суралцагчдыг хамруулан “МУИС-Стартап Лаб” (MUIS Startup Lab) нэртэйгээр анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээ нь “МУИС-ийн 2016-2024 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажил бөгөөд цаашид уламжлал болон үргэлжлэх юм. Энэ удаагийн тэмцээн “Амьдралыг сайжруулъя-Hacking the Life” уриатайгаар зохион байгуулагдаж байна. Монгол улсын бүх салбарын өдөр тутмын амьдралд тулгамдаж буй бэрхшээлийг илрүүлж шийдэл санал болгох, мөн цоо шинэ боломж, хэрэглээг санал болгох юм. Тэмцээн 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатнаас шалгарсан оролцогчид багаа бүрдүүлэн бүтээгдэхүүнээ бодитоор хөгжүүлж, эцсийн шатны шалгаруулалтад оролцоно. Шагналын сан 10 сая төгрөг бөгөөд ялсан багуудад 1 жилийн хугацаанд гарааны компаниа бойжуулахад нь дэмжлэг үзүүлнэ.

Тэмцээн нь бидний амьдралд тулгамдаж буй асуудлыг шинэлэг арга замаар шийдвэрлэх, гарааны бизнесүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх үндсэн зорилгын хүрээнд МУИС-ийн бүх шатны хөтөлбөрт суралцагч залуусын бүтээлч хамтын ажиллагааг дэмжих, тэднийг хөгжүүлэх, салбарын эксертүүдээс суралцах болон гарааны бизнесээ эхлэх боломж, бололцоог бүрдүүлэх зорилготой.

Үе шат

Нэгдүгээр шат. МУИС Хакатон (MUIS Hackathon)

  1. “Амьдралыг сайжруулъя” (Hacking the Life) уриатай “MУИС Хакатон” уралдаан 2017 оны 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд 48 цагийн турш амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сайжруулах шинэлэг санаагаа дэвшүүлж, хөгжүүлнэ.
  2. Уралдааны явцад санаагаа зөв тодорхойлох, төсөл боловсруулах, санаагаа танилцуулах найраа (pitch)–ны сургалтууд явагдана.
  3. 48 цагийн бүтээл хөгжүүлэлтийн төгсгөлд ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ (DEMO DAY) хийнэ.
  4. Уралдааны шалгаруулалтаар 3 хүний бүрэлдэхүүнтэй 10 хүртэл баг “МУИС Стартап Лаб (MUIS Startup Lab) хөтөлбөрийн дараагийн шатанд хамрагдах эрхтэй болно.

Хоёрдугаар шат. Хөгжүүлэлт

  1. Зорилго: “Шинэ бизнес эхлүүлцгээе” уриатай “МУИС Стартап Лаб” (MUIS Startup Lab) уралдаан нь бизнес болох боломжтой шилдэг санааг шалгаруулах, багаар санаагаа хөгжүүлэх нөхцөлөөр хангах, шилдэг багийг шалгаруулах, цаашид МУИС-д бойжих боломжийг олгох.
  2. Үргэлжлэх хугацаа: 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 8 дугаар сарын 26-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл завсарлана.
  3. Оролцогчид: “МУИС Хакатон” (MUIS Hackathon) уралдаанаас шалгарсан 3 хүний бүрэлдэхүүнтэй 10 хүртэл баг.
  4. Шалгаруулалт: 8 дугаар сарын 26-ны өдөр “MUIS StartupLab” уралдааны ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ (DEMO DAY) хийнэ.

ШАГНАЛ

Шагналын сан 10 сая төгрөг. Үүнд:

  • 1 дүгээр баг – 6 сая төгрөг;
  • 2 дугаар баг – 3 сая төгрөг;
  • 3 дугаар баг – 1 сая төгрөгийн бизнесээ эхлүүлэх урамшууллыг баг тус бүр авна.

Шалгарсан багуудыг 1 жил хүртэл хугацаанд дундын оффист байрлаж бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, компаниа бойжуулах боломжоор хангана.

ТЭМЦЭЭНИЙ ШААРДЛАГА

МУИС-ийн бүх салбарын бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагсад (магистрант, докторант багш, ажилтан байж болно)

ХУГАЦАА

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл завсарлана.

БҮРТГҮҮЛЭХ

МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 206 тоот өрөөнд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс

75754400-1140, 99125473