МУИС Стартап Лаб хөтөлбөр амжилттай явагдаж байна

Share Button

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв, ХШУИС-ийн Машин оюуны лаборатори, Бизнесийн сургууль хамтран МУИС-ийн оюутнуудын гарааны бизнесийг дэмжих “МУИС Стартап Лаб” (MUIS Startup Lab) хөтөлбөрийг анх удаа зохион байгуулж байна.

Тус хөтөлбөр нь бидний амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шинэлэг арга замаар шийдвэрлэх, гарааны бизнесүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх үндсэн зорилгын хүрээнд МУИС-ийн бүх шатны хөтөлбөрт суралцагч залуусын бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлэх, салбарын эксертүүдээс суралцах болон гарааны бизнесээ эхлэх боломж, бололцоог бүрдүүлэх зорилготой юм. Уг үйл ажиллагаа нь “МУИС-ийн 2016-2024 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажил бөгөөд цаашид уламжлал болон үргэлжлэх юм.

Хөтөлбөрийн нэгдүгээр шат болох МУИС Хакатон” тэмцээн “Амьдралыг сайжруулъя” уриан дор 2017 оны 6 дугаар сарын 15-18-ний өдрүүдэд МУИС-ийн Бизнесийн сургуульд 48 цагийн турш зохион байгуулагдлаа.  Тус тэмцээнд МУИС-ийн бакалавр, магистрийн 40 гаруй оюутан оролцож, 12 шинэ санааы хүрээнд 10 баг болон хуваагдаж, уг санаагаа 48 цагийн хугацаанд хөгжүүлж оролцоо.

“МУИС Хакатон” тэмцээний үеэр бизнесийн загвар, санаагаа үр дүнтэй танилцуулах сургалтууд явагдсанаас гадна “Стартап Монгол” байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг З. Билэгбаатар, “Болорсофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч. Мөнхнаран, МУИС-ийн Бизнесийн сургуулийн менежментийн профессор, доктор Н. Сонинтамир, МҮОНТВ-ийн технологийн нэвтрүүлгийн эксперт Ш. Ням нар хүрэлцэн ирж, сонирхолтой танилцуулга хийж, хөтөлбөрийн оролцогчдод менторын зөвлөгөө өгч ажиллалаа.

Хакатон тэмцээний шалгаруулалт явагдаж, дүн гарахад “Цахим хуульч”, ”Цаасан саван”, “Сайжруулсан ноосон пүүз”, ”Оюутны бие хүний төлөвшил, нийгмийн идэвхи, хандлагыг тодорхойлох онооны карт”, ”Дадлагын менежментийн систем” зэрэг 7 шилдэг санааны эзэн болсон багууд хоёрдугаар шатанд шалгарч, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б. Очирхуягаас хөтөлбөрт цааш оролцох батламжаа гардан авлаа.

“МУИС Хакатон” тэмцээнээс шалгарсан эдгээр баг “МУИС Стартап Лаб” (MUIS Startup Lab) хөтөлбөрийн хоёрдугаар шатанд 2017 оны 6-8 сард хөгжүүлж буй санаагаа гарааны бизнес болгохоор ажиллах юм.