Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн
ээлжит хурлын шийдвэр

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

1. Багшийн хөгжлийн төвийн 2016-2017 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан. С.Батцэцэг /Багшийн хөгжлийн төвийн эрхлэгч/
2. МУИС-ийн эрдмийн музей байгуулах ажлын явцын тайлан С.Шаарийбуу /Сургалтын нэгдсэн албаны цахим сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн/
3. Захиргааны алба, хэлтсүүдийн 2017 оны 3-6 сард хийгдсэн ажлын төлөвлөгөөний тайлан. С.Мөнхбат /Захиргаа, хүний нөөцийн албаны дарга/
4. Япон Улсын Чиба Их Сургууль, МУИС-ийн хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг. Б.Очирхуяг /Эрдэм шинжилгээ инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал/


ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

1-р асуудлын хувьд:
1. МУИС-д судалгаа шинжилгээ хийдэг, улс оронд төдийгүй дэлхийд танигдсан эрдэмтэн залуучууд олноор нэмэгдэж байна. Эдгээр эрдэмтдийн хувьд гагцхүү оюутан багш нартай ажиллах чадвар дутмаг байдаг. Энэ чадварыг нэмэгдүүлэхэд “Багшийн хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг голлох үүрэгтэй гэж дүгнэв. Багш нарынхаа хөгжилд анхаарах нь МУИС-ийн стратегийн нэг гол зорилт мөн. Иймд “Багшийн хөгжлийн төв”-ийн бүтцийг өөрчлөх, статусыг нэмэгдүүлэхэд анхаарч бүтцийн талаарх санал боловсруулах үүргийг Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Очирхуягт өгөв.
2. “Багшийн хөгжлийн төв”-ийн орон тоог Эрхлэгч-1, Мэргэжилтэн, арга зүйч-1 буюу нийт 2 орон тооны ажилтантай байхаар батлаж ирэх жилийн төсөвт тусгах. Мөн “Багшийн хөгжлийн төв”-ийн эрхлэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шинээр томилогдох эрхлэгчийн саналыг танилцуулах үүргийг Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал /Ч.Ундрам/-д өгөв.
3. “Багшийн хөгжлийн төв”-ийн оффис, өрөө тасалгааны асуудлыг шийдвэрлэх. Мөн өндөр үнэтэй зочид буудал, лекцийн танхим түрээсэлж, хөрөнгө мөнгө зарцуулдаг байдлыг зогсоох, шинээр ашиглалтанд орж буй номын сангийн 1 лекцийн танхмыг “Багшийн хөгжлийн төв”-ийн өмчлөл, эзэмшилд бус гагцхүү бүх төрлийн сургалт, сурталчилгааны ажилаа явуулахад нь зориулан олгохоор шийдвэрлэв.
4. Захиргааны зөвлөлийн хурлаас дараах үүрэг даалгавар багшийн хөгжлийн төвд өгөгдөв. Үүнд:

– Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг ирэх жилийн төсөвт суулгах, саналаа боловсруулж Хөгжил, санхүү хариуцсан дэд захиралд танилцуулж, батлуулах
– Ажлын төлөвлөгөө, багш нарт заах сургалтын хөтөлбөрийг хичээлийн жилээр гаргаж 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Сургалт эрхэлсэн дэд захирлаар батлуулах.
– “Багшийн хөгжлийн загвар”-ыг шалгуур үзүүлэлттэй нь хамт олон улсын жишиг стандартад нийцүүлэхээс гадна МУИС-ийн соёл, ёс зүй, дотоод дүрэм журамтай уялдуулан боловсруулж ирэх хичээлийн жилээс өмнө нийт бүрэлдэхүүн сургуулийн захирал, нэгжийн удирдлагуудад гаргаж өгөх.
– Харин багшийг халах солих асуудал нь Багшийн хөгжлийн төвийн чиг үүрэг биш. Багшийн хөгжлийн төв нь багшийн ёс зүй, заах аргад мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө үзүүлдэг байгууллага. Иймд Сургалтын нэгдсэн алба, Бүрэлдэхүүн сургуулийн удирдлагууд, Захиргаа, хүний нөөцийн албатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллах чиглэл өгөгдөв.

2-р асуудлын хувьд:
1. Музей байгуулах ажил удааширч, маш их цаг хугацаа алдсан байна гэж дүгнэв. Захирлын2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар шинээр томилогдсон ажлын хэсгийг дахин хуралдуулж ажлын төлөвлөгөөгөө шинэчлэх, байр талбайн загвар дизайн интериерийг гаргаж музей байгуулах ажлын явцыг эрчимжүүлж шинэ номын сангийн нээлттэй зэрэгцүүлэн МУИС-ийн эрдмийн музейг нээх үүргийг ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрамд өгөв.
2. Өмнөх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга /С.Шаарийбуу/-аас нийт үзвэр,
аудио бичлэг зэргийг хүлээж авах. Гэхдээ энэ хүний мэдлэг, нөөц бололцоо, хувь нэмрийг музей байгуулахад оролцуулах нь зүйтэй гэж шийдэв.
3. Мөн музейг түүхийн, эрдэм шинжилгээний, гадаад харилцааны гэх мэтээр 4-5 дэд хэсэгтэй байхаар тооцох, хэсэг тус бүрт лэд ТҮ байрлуулж олон фото зураг, аудио, СD бичлэгүүд нь энэхүү дэлгэцэн дээр гардаг байх, цаашдаа жинхэнэ дижитал үзвэртэй музей болох үндэс суурийг тавих.
4. 1600 цагийн бичлэгийг дотор нь ангилж ялгах, эдгээр бичлэгүүд нь дуу дүрстэйгээ телевизүүд дээр гарч байхаар бэлтгэл ажлыг хангах үүргийг шинээр байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд өгөв.

3-р асуудлын хувьд:
1. Ажлын төлөвлөгөөний биелэлтийг хурлаар танилцуулж, хэлэлцүүлж буй нь давуу талтай, дэвшилттэй байна гэж дүгнэв. Цаашдаа захиргаа өөрийн санаачлагаар төлөвлөгөөний ажлын биелэлтэнд мониторинг хийж Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулж байх үүрэг өгөгдөв.
2. Өөрсдийн санаачлагаар болон төлөвлөгөөнд тусгагдаагүй, цаг үеийн шаардлагаар хийгдсэн яаралтай ажлуудыг тайланд тусгаж хэрэгжилтийг дүгнэж байх Мөн биелэлтийн гэхээс илүүтэйгээр чанарын мониторинг хийхэд анхаарч ажиллах.

4-р асуудлын хувьд:

1. Япон Улсын Чиба Их Сургууль, МУИС-ийн хоорондын Хамтын ажиллагааны болон оюутан солилцооны санамж бичиг байгуулах, цаашдын хамтын ажиллагааг бүрэн дэмжив.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА