Я.ТӨМӨРБААТАР: МУИС-Д 23 МЯНГА ГАРУЙ ОЮУТАН СУРАЛЦАНА

Share Button

Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Я.Төмөрбаатар NEWS.MN мэдээллийн сайтад ярилцлага өглөө.


-МУИС-ийн хувьд ямар зорилго, төлөвлөгөөтэйгөөр хичээлийн шинэ жилийг угтаж байна вэ?

-МУИС 2016 онд стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн  баталсан. Монгол Улсын Их хурал 2016 онд боловсролын багц хуулийг баталсан. Энэ багц хуульд сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, дунд боловсролын тухай, дээд боловсролын тухай хуулиудаас гадна Боловсролын тухай хууль  багтсан. Эдгээр  хуулийг хэрэгжүүлэх ажил  2016- 2017 оны хичээлийн жилд эхэлсэн. Мөн боловсролын талаар төрөөс баримтлах бодлогод 2024 он гэхэд Монгол улсын 4 их  сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтаана гэсэн зорилт тавигдсан. Энэ хүрээнд МУИС 2017-2018 оны хичээлийн жилд хэд хэдэн зорилт тавин ажиллаж эхлээд байна. Тухайлбал, сургалтын их сургуулиас  судалгааны их сургууль болох, оюутан төвтэй их сургууль болох, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрлэл инновацийн түвшинд гаргах, оюутан, багш нарын  сургалтын нөхцлийг сайжруулах гэсэн хэд хэдэн  зорилтуудыг тавин ажиллаж байна. Түүнчлэн  судалгаа, эрдэм шинжилгээний төслүүдэд  хөрөнгө оруулалт  татах, гарааны компаниуд байгуулах ажлыг эхлүүлэх, багш нарынхаа чадавхийг сайжруулах , гадаад дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөтөлбөрийн чанарыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа.

-Бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж байгаа гэсэн. Зарим сургуулиудыг нэгтгэх үү. Ямар бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бэ?

-МУИС бүрэлдэхүүн таван сургууль, орон нутагт хоёр салбартай. Би ажлаа авсаны дараа багш, ажилчид, оюутнуудаас  бүтцийн өөрчлөлтийн талаар судалгаа авсан. Судалгаанд оролцогсдын 80-90 хувь нь 2013 онд хийгдсэн их сургуулийн өнөөгийн бүтэц шаардлага хангахгүй байгаа учраас энэ бүтцээ эргэж хараач гэсэн санал гаргасан. Жишээлбэл, Шинжлэх ухааны сургууль дотроо гурван бүрэлдэхүүн сургуультай. МУИС-ийн нийт оюутан, багш нарын 60 гаруй хувь нь нэг сургууль дээр төвлөрсөн байна. Гэтэл хоёрхон тэнхимтэй 20 хүрэхгүй багштай сургууль  байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Энэ алдааг засч МУИС-ийн бүтцэд өөрчлөлт хийх санал боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэ асуудлыг МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оруулахаар бэлтгэсэн, удахгүй Удирдах зөвлөлөөр оруулж хэлэлцүүлнэ. Ер нь бол бүтцийн өөрчлөлтийг өнгөрсөн хавар хийх гэсэн боловч цаг хугацааны хувьд шийдэгдээгүй. Тухайлбал, Шинжлэх ухааны сургууль нь Нийгмийн ухаан, Хүмүүнлэг, Байгалийн ухаан гэсэн гурван сургуультай, энэ бүтцэд  өөрчлөлт орж магадгүй гэж бодож байна. Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн асуудал  мөн яригдах байх.  Тэнхмүүд, хөтөлбөр, багш нарын давхардал, хийдэгдлийг засахыг зорьж байна. Энэ бүтцийн өөрчлөлт бол МУИС-ийн шинэ дүрэм, боловсролын тухай хуулиараа  МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрлэх асуудал. Ажлын хэсэг бүтцийн өөрлөлтийн саналаа боловсруулсан, Удирдах зөвлөлийн хурлыг хүлээж байна. Түүнээс гадна бүрэлдэхүүн сургууль бүр дээр сургалтын алба ажиллаж байсныг өөрчлөж  Сургалтын нэгдсэн газар болгон  өргөтгөн байгуулах бодолтой байгаа.

-Их сургууль судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж байна гэж та хэлсэн. Судалгааны их сургууль болохын тулд сургалтын агуулга, хөтөлбөрт өөрчлөлт орох уу?

-МУИС дан ганц бакалаврын түвшингийн сургалтаас гадна магистр, доктор буюу ахисан түвшингийн сургалтыг  нэмэгдүүлэх, төгсөлтийн дараах   сургуулийг бэхжүүлэх бодолтой байгаа. Тэргүүлэх их сургуулийнхувьд магистр, докторын сургалтаа сайжруулахаас гадна  судалгаа, эрдэм шинжилгээний ажилд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх,  сургалтын болон  сургалтыг шинээр болон сайжруулан байгуулах, инноваци технологи дамжуулах төвийг бэхжүүлэх цаашдаа нэгдсэн нээлттэй лаборатори байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Сургуулийн засварын ажил дуусаагүй байх шиг байна. Шинэ хичээлийн жилээс өмнө засварын ажил дуусах уу?

-Сургуулийн төсөв 3 сарын сүүлээр батлагдсан. Үүнтэй холбоотойгоор засварын ажил, тендер зарлагдах,  худалдан авалтын ажиллагаа оройтож эхэлсэн. Бид маш шуурхай ажлын хэсэг байгуулж ажилласанаар өнөөдөр сургуулийн хэмжээнд нийт 39 засварын ажил дуусах шатандаа орж байна. Хичээлийн нийт 5 байр, оюутны байруудад засвар хийгдсэн. Бид наймдугаар сарын 25-ны дотор засваруудыг бүрэн дуусгаж, хичээлийн бэлтгэлээ 100 хувь ханган гэдэгт итгэлтэй байна. Энэ зуны хувьд МУИС-ийн удирдлага, хангамж үйлчилгээний хэлтэс, инженерүүд амралтгүй, хагас бүтэн өдөргүй  ажилласны үр дүн гарах байхаа.

-Энэ хичээлийн жилд шинээр хэдэн оюутан элсүүлж байгаа вэ?

-Элсэлтийн үйл ажиллагаа журмын  дагуу болж өнгөрсөн. Наймдугаар сарын 14-18-ны өдрүүдэд нэмэлт элсэлтийн бүртгэл эхэлсэн. Энэ жилийн хувьд өндөр оноотой, сайн оюутнуудыг бүртгэж авах, улсын олимпиадад түрүүлсэн 22 сурагчийг сургуульдаа элсүүлэн авсан .  Мөн эчнээ, орой, доктор, магистр зэрэг ангиуддаа элсэлт авах ажиллагаа үргэлжилж байна. Нэгдүгээр курсээ амжилттай суралцаж, шаардлага хангасан оюутнуудын шилжилтийн асуудал зохион  байгуулагдаж байна.  МУИС 23 мянга гаруй оюутантай, 700 орчим үндсэн багштай, гэрээт багш нартайгаа нийлээд 1000 орчим багштай. Нийтдээ 1500 орчим багш, ажилчидтай. УЗ-өөр батлуулсан хяналтын тооны дагуу 3910 оюутныг шинээр элсүүлнэ. Элсэлт, бүртгэлийн ажил төлөвлөсний дагуу бүрэн биелэгдэх болно.

-Жил бүрийн намар оюутны төлбөр нэмэгдэнэ, нэмэгдэхгүй гэдэг асуудал үүсдэг.  МУИС-ийн сургалтын төлбөр нэмэгдэх үү?

-Монгол Улсын Засгийн газар болон БСШУС-ын сайдын зүгээс энэ жил сургалтын төлбөр нэмэхгүй байх бодлого баримтлах чиглэл өгсөн. Энэ жилээс МУИС суурь төлбөргүй болсон тул бүх шатны сургалтын төлбөр, хураамж нэмэгдэхгүй. Оюутнууд кредит цагаа тооцон төлбөрөө төлнө.

-Шинэ номын сан хэзээ ашиглалтад орох вэ?

-Энэ жилийн хичээлийн жилийн нэг онцлог бол 14 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгө оруулалтаар, хоёр тэрбум нь улсын хөрөнгө оруулалтаар нийт 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ номын сан ашиглалтанд орох гэж байна. Шинэ номын сангийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-ээс эхлэх хэдий ч МУИС-ийн 75 жилийн ой ирэх аравдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох үеэр номын сангийн нээлтээ албан ёсоор хийнэ. Шинэ номын сангийн баруун жигүүрт төрөлжсөн уншлагын танхимууд ажиллана. Зүүн жигүүрт хэд хэдэн лекц, хурлын танхимууд шинээр нээгдэнэ. Дээд давхруудад  лабораториуд байрлана. МУИС-ийн музей, МУИС-ийн нэрийн барааны дэлгүүр, МУИС-ийн номын дэлгүүр, оюутны буфетийг шинээр нээнэ. Зуны 3 сардаа багтаан 500 мянга гаруй номын нэгжтэй санг нүүлгэж орууллаа. Шинэ номын сангаа  шинэ менежментээр цахим номын сан болгон ажиллуулна.

-Ирэх аравдугаар сард МУИС 75 жилийн ойтойгоо золгоно. Ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-75 жилийн ой гэдэг бол зөвхөн МУИС-ийн ой биш. Монголд дээд боловсролтой боловсон хүчнийг системтэй бэлтгэж эхэлсний 75 жилийн ой. Монгол Улсын төрийн өмчийн бүх их, дээд сургуулиуд энэ сургуулиас салбарлан өрх тусгаарласан. Тэгэхээр дан ганц бидний баяр биш юм. 75 жилийн ойг шинэлэг аргаар буюу стратеги зорилттойгоо уялдуулан сургалтын орчныг сайжруулах  “хөрөнгө оруулалтын форум” хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ойн арга  хэмжээнд төгсөгчдийн төлөөллөө татан оролцуулж, үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн бид дэлхийн 30 гаруй орны 280 орчим гадаадын их, дээд сургуультай гадаад хамтын ажиллагаатай учраас хамгийн идэвхтэй 100 гаруй гадаадын их, дээд сургуулиудын удирдлагууд,  олон улсын байгууллагын төлөөллүүдийг  урьж оролцуулахаар төлөвлөсөн. Бид 75 жилийн ойдоо зориулж “Мазаалай” хиймэл дагуулаа сансарт хөөргөсөн том амжилттай угтаж байна.

-“Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөсөн нь оюутан, багш нарын бүтээлч чадвар, судалгааны ажлуудыг дэмжиж болох том жишээ болсон байх?

-МУИС 75 жилийн ойгоо угтаж  “Мазаалай” хиймэл дагуулыг зохион бүтээж, сансарт хөөргөсөн. Энэ бол Монголын анхны хиймэл дагуул бөгөөд түүнийг нь МУИС-ийн оюутан, багш нар  Японы Кюүшүгийн Технологийн Институттэй хамтран зохион бүтээсэн гэж бодохоор бахархал төрж байна.  “Мазаалай” хиймэл дагуулыг зохион бүтээж, хөөргөх ажилд тусалж дэмжсэн Монгол Улсын Засгийн газар, холбогдох албаныхан болон хандив өргөсөн бүх хүмүүст талархсанаа илэрхийлж байна. Тэр хүмүүсийн  дэмжлэгээр бид газрын станцаа шинэ номын сан дээрээ байгуулсан. “Мазаалай” хиймэл дагуул бол МУИС-ийн хувьд эрдэм шинжилгээний ажил, бүтээл маань Монгол Улсын хөгжил дэвшилд хэрэгтэй зүйл болж байгаад бид бахархалтай  байгаа. Намайг ажлаа авсанаас хойш МУИС-ийн хамт олон маань маш сайн дэмжиж ажиллаж байгаа учраас бид нэг зүгт хамтдаа харж, ирэх жилүүдэд гадаад дотоод  хамтын ажиллагаагаа өргөжүүлж бүтээлч, бодитой, үр дүнтэй чиглэлээр ажиллах итгэл дүүрэн байна. Манай хамт олон МУИС-аа Азийн шилдэг 100 их, дээд сургуулийн түвшинд хүргэхийн төлөө  хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх итгэл дүүрэн шинэ хичээлийн жилтэйгээ золгож байна.   Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйг тохиолдуулан нийт багш, оюутнууд, шинээр элсэгчиддээ талархал дэвшүүлж байна.

Ш.ЧИМЭГ