МУИС, МУ-ын Засгийн газрын Агентлагуудтай ажилтны чадавхыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Share Button

Монгол улсын дээд боловсролын ууган байгууллага,  эрдэм оюуны их өргөө- Монгол улсын их сургуулийн 75 жилийн ой энэ жил тохиож, 75 дахь шинэ хичээлийн жилийн хонхоо цохиж буй энэхүү түүхэн өдөр Монгол улсын их сургууль, Монгол улсын засгийн газрын агентлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Орчин үеийн их сургуулиуд сургалт, эрдэм шинжилгээний ажлаа хийхийн зэрэгцээ тэдний дотоод, гадаад хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамран өргөжин тэлсээр буй нь их сургуулиудын нийгэмд гүйцэтгэх үүрэг үндсэндээ өөрчлөгдөж буйн илэрхийлэл бөгөөд эдийн засгийн найдвартай хөгжлийн баттай үндэс нь “Засгийн газар-Их сургууль”-ийн хамтын ажиллагааны загвар болоод байна. Ийм ч учраас МУИС, Засгийн газрын Яамд, агентлагууд, аймгуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа бөгөөд өнөөдөр

  • Архивын ерөнхий газар,
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,
  • Гэр бүр, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар,
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар
  • Үндэсний хөгжлийн газруудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд  талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтны чадавхыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, мэдлэг, инноваци, өндөр технологид суурилсан сургалтад хамруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон суралцагсдын практик сургалт, судалгааны ажлын орчин бүрдүүлэх, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах зэрэг асуудлууд тусгагдсан.

МУИС, ДХАОНХ