Академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол боллоо

Share Button

МУИС-д Буддын судлалын чиглэлээр сурч буй тэргүүний оюутнуудад жил бүр уламжлал болгон олгодог академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг гардуулах 9 дэх удаагийн ёслолын үйл ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимд боллоо. Энэ тэтгэлгийг академич Г.Лувсанцэрэн агсны хүүхдүүд 2008 онд санаачлан шашин судлал, буддын судлалын чиглэлээр сурч буй оюутнуудын сурлага, эрдэм  шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор олгодог бөгөөд МУИС-ийн Шашин судлалын салбарын нийт 24 оюутан тус тэтгэлгийг гардан аваад байна.

Энэ удаа сурлага, авьяас, идэвхи зүтгэлээрээ манлайлагч Шашин судлалын 3-р дамжааны оюутан Ү.Булгантуул, А.Оюунболд, О.Эрдэнэ нар тус бүр 500,000 төгрөгийн тэтгэлэг гардан авлаа. Тус тэтгэлгийг энэ жилээс МУИС-д Шашин судлалын чиглэлээр төгсөлтийн дараах сургалтад хамрагдан амжилттай суралцаж буй суралцагсдад мөн олгож байгаа ба энэ жилийн хувьд тус мэргэжлээр бакалаврын сургалтаа амжилттай дүүргээд магистрантурт суралцаж буй Т.Өөжинд тэтгэлгийг гардуулан өгсөн юм.

Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд академич Г.Лувсанцэрэн агсны хүү Л.Батжил, тус тэнхимийн эрхлэгч Др.Б.Дагзмаа, Проф. М.Гантуяа болон тэнхмийн багш, оюутны төлөөлөл оролцов.