МУИС-тай танилцах тойрон аялал зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн 2016-2024 он хүртэлх хөгжлийн шинэчилсэн стратеги төлөвлөгөөний 4.2 Сургах ба сурах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх ажлын хүрээнд Шилдэг суралцагчийг элсүүлэх, сэтгэл ханамжтайгаар суралцуулах, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд МУИС-ийн Элсэлтийн абанаас МУИС-ийн үйл ажиллагаа, элсэлтийн бүртгэл, сургалтын орчин, оюутнуудад чиглэсэн бусад үйлчилгээг Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид болон багш нарт таниулан сурталчлах ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү ажлын эхлэл болгож Эрдэнэт хотын 13-р сургуулийн долоон бүлгийн 200 гаруй сурагчдыг анги удирдсан багшийн хамт МУИС-ийн Эрдмийн танхимд хүлээн авч сургуулийн танилцуулга, элсэлтийн бодлого, мэргэжлийн хөтөлбөр, сургуулийн онцлог болон оюутныг дэмжих бусад үйлчилгээний талаар мэдээлэл өгч сонирхсон асуултад хариуллаа. Мөн “Шинэ номын сан”, “МУИС-музей”, “Бренд дэлгүүр” болон бүрэлдэхүүн сургуулийн сургалтын орчин, судалгаа шинжилгээний лаборатори, тэнхмүүдиийн үйл ажиллагааг танилцуулсан тойрон аяллыг зохион байгууллаа.

Сургалтын нэгдсэн газар

Элсэлтийн алба