“Бизнес төлөвлөлт” номын нээлт боллоо

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Энх-Отгоны “Бизнес төлөвлөлт” сурах бичгийн нээлт 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр МУИС-ийн төв номын санд боллоо. Энэхүү бүтээл нь бизнес төлөвлөлтийн арга зүй, удирдлага зохион байгуулалт, төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай загварчлалын асуудлуудыг цэгцтэй, онол, практикийг хослуулан бичсэн, орчин үеийн бизнес төлөвлөлтөнд тулгараад байгаа арга техник, хөгжлийн асуудлуудыг системтэй, дэс дараатай гаргаж өгүүлсэн бүтээл болжээ.

Бизнесийн үйл ажиллагаа глобальчлагдаж, шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр улам илүү ээдрээтэй, энгийн ухаанаар удирдан жолоодоход төвөгтэй болж байна. Бизнесийг төлөвлөлтгүйгээр, судалгаа шинжилгээгүйгээр бизнес эрхлэх нь дэмий мөнгөө үрэхтэй агаар нэг болохыг өнөөгийн бизнесийн ширүүн өрсөлдөөн, орчны хурдацтай өөрчлөлт бид бүхэнд бэлэхнээ харуулж буй өнөө үед уг бүтээл нь цагаа олон уншигчдын гарт хүрч байгааг нээлтэнд оролцсон хүндэт зочид онцолж байлаа.

Энэхүү бүтээл нь их дээд сургуулийн бизнес, эдийн засгийн мэргэжлээр эрдэмд шамдан сурч буй оюутнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, сонирхсон хэн бүхэнд бизнес төлөвлөлтийн талаархи гарын авлага болж, тэдэнд тус дэм болох нь гарцаагүй юм.