МУИС-ийн оюутнууд Тайваний тэтгэлэг гардан авлаа

Share Button

Тайпэйн Худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас 2017 оны хичээлийн жилийн II улиралд Тайваний тэтгэлэг хүртсэн оюутнуудад тэтгэлгийг гардуулах ёслолын ажиллагааг өчигдөр /2017.12.11/ зохион байгууллаа.

Уг ёслолд Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгч Хуан Куо Рун, УИХ-ын гишүүн Л.Болд, БСШУСЯ-ны төлөөлөл, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Ёслолын ажиллагааны нээлтэд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг хэлсэн үгэндээ “МУИС болон Монгол-Түвдийн хороотой хамтын ажиллагаатай болсноос хойш 15 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хороо татан буугдаж, оюутны тэтгэлгийн асуудлыг Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хариуцан ажиллахаар болжээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд МУИС-ийн 200 орчим оюутан Тайваны тэтгэлгийг хүртсэн байдаг юм. Энэ тэтгэлэг манай оюутан залуусд суралцах сэтгэл санааны болоод санхүүгийн бодит дэмжлэг болдог. МУИС-ийн оюутнууд маань энэхүү тэтгэлэгт сайн сурч, судалгааны ажлаа хичээнгүйлэн хийж хариу барина гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэхүү тэтгэлгийг МУИС-ийн 25 оюутан, СУИС-иас 5 оюутан, АШУҮИС-иас 4 оюутан, МУБИС-иас 3 оюутан зэрэг нийт 55 оюутанд гардуулсан юм.

Тэтгэлэг хүртсэн оюутнуудыг төлөөлөн МУИС-ийн докторант Б.Тамир үг хэлэв. Тэрбээр “Судалгааны ажлыг дэмжиж тэтгэлэг гардуулсан та бүхэнд талархаж байна. Судалгааны ажлаа чамбай хийж, улам хичээх болно” гэв.

Ийнхүү оюутнууд тэтгэлгээ гардан авсан юм. Тэтгэлэг хүртсэн нийт оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсье.