ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д айлчиллаа

Share Button

ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Н. Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн нэгдүгээр дэд захирал С.В. Кортов, нэгдүгээр дэд захирлын орлогч А.В.Пономарев, хэвлэлийн төвийн захирлын орлогч Д. А. Бенеманский нар 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр МУИС-д айлчилж хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагааг аль салбарт хэрхэн идэвхжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтад МУИС-ийн зүгээс ЭШИГХ-ны асуудал эрхэлсэн дэд захирал, доктор Б.Очирхуяг, Европ судлалын тэнхмийн эрхлэгч С.Булгантамир, тус тэнхимийн профессор Н. Нансалмаа болон ГХХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар байлцав.

Энэхүү уулзалтын өмнө хоёр сургуулийн удирдлагууд хамтран ажиллаж боломжит салбаруудыг тодорхойлох, өмнөх хамтын ажиллагааг дүгнэх зэрэг асуудлаар харилцан захиа солилцсон байна. Уулзалтын эхэнд хоёр талын удирдлагууд сургуулийнхаа талаар болон цаашид авч хэрэгжүүлэх стратегийн талаар хамтарсан хөтөлбөр болон гадаад хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл өгсөн юм.

Уралын Холбооны их сургуулийн зүгээс хүмүүнлэг, нийгмийн салбарт хамтран ажиллах, орос хэлийг дэмжин ажиллах, МУИС-ийн оюутнуудыг аспирантур, докторантурт элсүүлэн суралцуулах, тэтгэлэгт хамруулах, орос хэлний бэлтгэлд суралцуулах, богино хугацааны зуны сургалтад хамруулах, 1+1 хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтарч ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

МУИС-ийн зүгээс Уралын Холбооны их сургуулийн хүсэлтийг хүлээн авч  инженерчлэл, өндөр технологийн салбарт хамтран ажиллах саналыг дэвшүүлэв.

Уралын Холбооны их сургуульд магистрантур болон аспирантурт төрөл бүрийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутан залуус та бүхэн эндээс мэдээлэл авна уу.