“Бүс нутгийн интеграци ба худалдааны бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

Share Button

Эдийн засаг, нийгмийн хөгжлийнхөө чухал зааг үед ороод буй Монгол Улс сүүлийн жилүүдэд бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээрүүдэд нэгдэн орох асуудалд онцгой анхаарал хандуулж, ийм хэлэлцээрүүдэд нэгдэн орох замаар улс орныхоо худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөгжлийн шинэ боломжуудыг олж авахыг зорьж байна. Улс орны хөгжлийн гадаад, дотоод орчин нөхцөлд гарч буй огцом өөрчлөлтүүд, тулгарч буй хөгжлийн шинэ шинэ сорилтуудтай уялдаатайгаар Монгол Улс худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого болон зорилтуудаа эргэн харж, зарим тохиромжтой засвар өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай тулгарч байгаа юм.

“Бүс нутгийн интеграци ба худалдааны бодлого” олон улсын хурлаар тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагууд, Монгол Улстай хамтран ажилладаг улс орнууд, олон улсын байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, тэдгээрийн төлөөллүүд, гадаад дотоодын судлаачдыг нэг дор нэгтгэн цугларч, сүүлийн үед хийгдсэн судалгаа шинжилгээний ажлуудынхаа үр дүнг танилцуулан хэлэлцүүлэг мэтгэлцээнийг өрнүүлэх замаар харилцан ойлголцлын түвшинг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээн илрүүлэх, худалдаа-эдийн засгийн бодлогод тусгах шаардлагатай бодлогын зөвлөмж, саналуудыг боловсруулан гаргах зорилготойгоор чууллаа.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн зохион байгуулагчаар МУИС-ийн Бизнесийн сургууль, хамтран зохион байгуулагчаар Гадаад хэргийн яам, МҮХАҮТ, ӨМӨЗО-ны Санхүү, Эдийн засгийн их сургууль, МУИС, ОУХНУС, олон улсын тээвэр ложистикийн Anglo Freight LLC нар ажиллалаа. Мөн дэмжин ажилласан ERINA (The Economic Research Institute for Northeast Asia), TRAM (Trade Related Assistance for Mongolia), Европын Холбоо, GIZ, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Худалдаа, Үйлдвэрлэлийн Их Сургууль, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монгол Улсын Экспортлогчдын холбоо зэрэг байгууллагуудад талархалаа илэрхийлье.