Биологийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Ц.Шийрэвдамбын нэрэмжит номын булан байгуулагдлаа

Share Button

Биологийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Ц.Шийрэвдамбын нэрэмжит номын булан байгуулах, өөрийн бүтээсэн болон хэрэглэж байсан биологийн ухааны ном, товхимол хандивлах үйл ажиллагаа өнөөдөр /2017.12.20/ МУИС-ийн Номын санд боллоо.

Уг үйл ажиллагаанд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, МУИС-ийн ШУС-ийн захирал Б.Баяртогтох, МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэн, БОАЖЯ-ны газрын дарга, байгаль орчны гавьяат ажилтан Г.Нямдаваа, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирал, доктор /Sc.D/ Я.Адъяа, эрдэмтэн судлаачид болон Ц.Шийрэвдамба агсны гэр бүл, үр хүүхдүүд оролцсон юм.

Биологийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Ц.Шийрэвдамба агсны гэр бүлийн зүгээс МУИС-ын Номын санд түүний нэрэмжит буланг байгуулж, хэрэглэж байсан болон өөрийн бүтээсэн биологийн шинжлэх ухааны чиглэлийн 1300 гаруй ном, товхимолыг хандивласан бөгөөд өнөөдөр энэхүү номын дээжийг гардуулан өглөө.