МУИС-ИЙН ЭРДЭНЭТ СУРГУУЛЬД КИБЕР БОЛОВСРОЛЫН ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

Share Button

МУИС болон Сөүл хотын Хансунг Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөл БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA- ийн дэмжлэгтэйгээр 2016-2018 оны хооронд 2 жилийн хугацаатай хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд МУИС-ийн Эрдэнэт Сургуульд кибер боловсролын төв байгуулагдаж нээлтээ хийлээ. Энэхүү боловсролын төв байгуулагдсанаар МУИС-ийн Эрдэнэт Сургууль, Улаанбаатар хот дахь МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд онлайн хэлбэрээр сургалт явуулах боломж бүрдэж байна.

Үйл ажиллагааны нээлтэд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан  дэд захирал Проф. Др. Б. Очирхуяг, ОУХНУС-ийн захирал Др. Баттулга, Эрдэнэт Сургуулийн захирал Др. Энх-Амгалан, БНСУ-ын элчин сайдын яамны элчин зөвлөх Ким Миок, KOICA-г төлөөлөн Вүү Дон Ван, төслийн удирдагчид МУИС-ийн Проф. О. Мөнхбат, Хансунг Их Сургуулийн Проф Жесон, Хансунг Их Сургуулийг төлөөлөн Проф Чой,  болон цахим сургалтын төсөлд хамрагдсан Нийтийн Удирдлагын тэнхимийн багш, оюутнууд оролцлоо.

Хансунг Их Сургуультай хамтран ажилласан тус төслийн үйл ажиллагааны хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал “Олон улсын тулгамдсан асуудлууд: Засгийн газрын санаачлага”, “Тогтвортой хөгжил ба Нээлттэй Засгийн Газар” сэдвийн дор тус тус зохион байгуулагдсан. Мөн олон улсын нэр хүндтэй эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй редакцийн зөвлөл бүхий Нийтийн удирдлагын мэргэжлийн сэтгүүл болох “International Journal of Public Administration and Consulting (IJPAC)”-ийг жилд 2 удаа гаргахаар шийдвэрлэсэн.

Хансунг Их Сургуулиас онлайн сургалт явуулах зориулалттай орчин үеийн компьютер, техник тоног төхөөрөмжтэй Кибер боловсролын төвийг ОУХНУС дээр байгуулан, Хансунг Их Сургуулийн эрдэмтэн профессорууд Нийтийн Удирдлагын хөтөлбөрийн оюутнуудад Төрийн бодлого, Цахим засаглал, Нийтийн удирдлага, Төрийн байгууллагын хүний нөөцийн менежмент хичээлүүдийг цахим хэлбэрээр төслийн хугацаанд заалаа.

Мөн хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим болон Хансунг Их сургуулийн хооронд  багш, оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, сургалтын материал боловсруулах болон нэгдсэн семинар, албан ёсны уулзалтууд зохион байгуулагдлаа.

Энэхүү төсөл нь МУИС болон Хансунг Их Сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ  Монгол, Солонгос хоёр улсын цаашдын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулахуйц үр дүнтэй төсөл юм.

Тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр талын төслийн удирдагчид Проф. Жесон, Проф О.Мөнхбат нар болон төслийг гардан хэрэгжүүлсэн Нийтийн Удирдлагын тэнхимийн багш хамт олон, доктор, магистр, бакалаврын түшний бүх оюутнууддаа талархал илэрхийлье.