Тохо их сургуулийн Хүндэт профессор Ф.Катог хүлээн авч уулзав

Share Button

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар өнөөдөр /2018.01.08/ Тохо их сургуулийн Хүндэт профессор Ф.Катог хүлээн авч уулзан МУИС-д ажиллах хугацаандаа судалгааны лабораторийн соёлыг төлөвшүүлэх, багш, оюутнуудыг дагалдуулан сургаж, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, судалгааны түвшинг ахиулах зэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МУИС-ийн “Хүндэт жуух”-аар шагнасныг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Профессор Ф.Като нь ЖАЙКА байгууллагын ахмад сайн дурын ажилтны хувиар ХШУИС-ийн Био-органик хими-Фармакогнозын болон Ургамлын биотехнологийн лабораторуудад 6 сарын хугацаатай ажиллаж, Монгол орны хөрс, ургамлаас антибиотикт тэсвэртэй микроорганизмын эсрэг үйлчлэлтэй актиномицетийг олж илрүүлэх, тэдгээрийг өсгөвөрлөн идэвхт нэгдлийг нь гарган авч хэрэглээнд нэвтрүүлэх судалгаа-боловсруулалтын ажлыг удирдан ажилласан юм.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар МУИС-ийн багш, оюутнуудад өөрийн судалгаа, сургалтын арвин мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан Хүндэт профессор Ф.Катод талархал илэрхийлээд, цаашид Судалгааны их сургууль болох Стратеги төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр өндөр хөгжилтэй орнууд, ялангуяа  Япон Улсаас сайн дурын мэргэжилтнүүдийг өргөнөөр урьж ажиллуулах талаар Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам, ЖАЙКА байгууллагын Төлөөлөгчийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа дурдав.

Мөн Хүндэт профессор Ф.Като өөрийг нь хүлээн авч, судалгаа явуулах нөхцөл боломжоор хангасан МУИС-ийн удирдлага, хамтран ажилласан багш, оюутнуудад хариу талархал илэрхийлээд цаашид өөрөө төдийгүй, өөрийн хүрээний таньж мэдэх, МУИС-д зайлшгүй хэрэгтэй судалгааны чиглэлд ахмад сайн дурын гишүүн олж ирүүлэхэд чадах чинээгээрээ туслахаа илэрхийллээ.

Хүндэт профессор Ф.Като МУИС-д сайн оюутан олон байна, ялангуяа, төгсөх курсын, голч дүн өндөртэй оюутны хувьд сүүлийн хичээлийн жилээ хичээлд сууж биш, судалгааны лабораторид тогтож ажилладаг байхаар сургалтын төлөвлөгөөнд нь өөрчлөлт оруулбал Судалгааны их сургууль болох Стратеги төлөвлөгөөгөө биелүүлэх анхны алхам болно гэдгийг цохон тэмдэглэж байв.