Монгол Улсын Их Сургууль “Багануур ХК”-тай хамтын ажиллагааны шинэ стратеги хөгжүүлнэ

Share Button

МУИС болон БАГАНУУР ХК-ийн хооронд эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалт, технологи дамжуулалт, сургалтын хүрээнд “Судалгаа-Туршилт-Үйлдвэрлэл” хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал Н.Баатарбилэг, ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Д.Хасбаатар, ХШУИС, Хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор А.Энхбаяр, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга А.Сайнбаяр,  ЭШИХ, Технологи дамжуулах төвийн мэргэжилтэн Д.Лхагвасүрэн нар болон Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирал О.Туяа, Судалгаа хөгжлийн хэлтсийн дарга Б.Хэрлэнчимэг нар тус тус оролцсон юм.

Уулзалтын үеэр МУИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Багануур ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч доктор, дэд профессор А.Энхбаяр “Багануур ХК”-тай орчин үеийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, өөрийн орны эрдэмтэн судлаачдын бүтээлийг практикт нэвтрүүлж, инновацийг дэмжихэд хамтран ажиллах зорилгоор виртуал симуляторын системийг боловсруулалт хийх захиалгат төслийн гэрээ байгуулав.