Төвийн болон Хангайн бүсийн аймгуудад ажиллалаа

Share Button

МУИС-ийн Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтэс, Сургалтын нэгдсэн газар хамтран хангайн болон төвийн бүсийн аймгуудад 2017 оны 2 дугаар сарын 26-аас 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд ажиллалаа. Тухайн аймгийн иргэдэд МУИС-ийн талаар мэдээлэл өгөх, сурталчлах, сургалтын хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ Дархан, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлаа хамтран төлөвлөх, сургалт, сурталчилгааны хэрэгцээг тодорхойлох, 2018 оны элсэлтийн үйл ажиллагааг сурталчлах ажлуудыг гүйцэтгэж мөн тус аймагт оршин сууж буй МУИС-ийн төгсөгчдийн төлөөллүүдтэй уулзжээ.

 

Тус уулзалтуудад аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Хууль, эрх зүйн хэлтэс, төгсөгчдийн төлөөллүүд болон МУИС-ийн ДХАОНХХ-ийн дарга П.Лхамсүрэн, Төгсөгч хариуцсан мэргэжилтэн Э.Сарангэрэл, МУИС-ийн Сургалтын нэгдсэн газрын Элсэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Оюунбилэг нар оролцож санал солилцсон юм.

Уулзалтын үеэр МУИС-ийн ДХАОНХХ-ийн дарга П.Лхамсүрэн “Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойгоо томоохон амжилтаар угтаж, дэлхийн жишигт нийцсэн Номын санг ашиглалтад оруулж, Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөн, сургалт, судалгааны ажлын чанараа сайжруулахаар ажиллаж байна. 2017-2018 оны хичээлийн жилд Монгол Улсын Их Сургууль ДХАОНХХ-ийг шинээр байгуулж, дотоодын төр засгийн байгууллага, аймаг орон нутаг, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 13 агентлаг, 15 аймаг, хувийн хэвшлийн томоохон 3 байгууллагатай гэрээ байгуулж, зарим ажлыг эхлүүлээд байна. Мөн төгсөгчдийн холбоодыг салбар, бүрэлдэхүүн сургууль дээр байгуулаад зогсохгүй, 21 аймагт идэвхжүүлж, МУИС-ийн төгсөгчид, төгсөгчиддөө ажил олгогч байя гэсэн санаачлага гаргаж Төгсөгчдийн холбоодын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой ажиллаж байна. Иймээс шилдэг төгсөгч, шилдэг элсэгчдийг улам нэмэгдүүлж, нийт төгсөгчдийнхөө эргэх холбоог сайжруулахаар ажиллаж байна” гээд МУИС-ийн эрдэмтэн багш, доктор, профессорууд тухайн аймаг орон нутаг, байгууллага хамт олонд бүх нийтийн эрх зүйн анхан шатны боловсрол олгох, удирдлагын түвшинд манлайлал, хувь хүний хөгжил, ЕБС-ийн багш нарт ЭЕШ болон олимпиадад сурагчдыг бэлтгэх зэрэг сургалт зохион байгуулж, хамтран хэрэгжүүлэх төсөл болон бусад чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, сургалт судалгаа явуулах, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байхаа илэрхийлэв.

Аймгуудын зүгээс богино хугацааны мэргэжлийн сургалтыг шат дараалалтай явуулж байх талаар хамтран ажиллах, магистрын түвшний сургалтыг эчнээ болон онлайнаар авах боломж нөхцөлийг судлах, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах, МУИС-ийн эрдэмтэн багш нараас ЕБС-ийн багш нарт зөвлөгөө авч байх, хамтын ажиллагааны гэрээний хүрээнд аймаг орон нутгийн онцлогт тохирсон жилдээ 1-2 томоохон ажлыг хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Түүнчлэн Сургалтын нэгдсэн газрын мэргэжилтэн Ж.Оюунбилэг 12 дугаар анги төгсөж буй нийт 1000 орчим сурагчтай уулзалт зохион байгуулж, МУИС-ийн элсэлтийн талаар танилцуулж сонирхсон асуултад хариулсан юм.

МУИС-ийн Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь Төгсөгч дэмжигчдийн холбоог идэвхжүүлэх, Хөвсгөл аймагт Төгсөгч, дэмжигчдийн холбоог шинээр байгуулж, тус холбоогоор дамжуулан аймаг орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлуудыг эхлүүлж, хамтын ажиллагааны гэрээний хүрээнд төлөвлөгөө гарган албажуулж хамтран ажиллахаар боллоо.