“ИХ МОНГОЛ ГҮРНИЙ ХОТ, БАЛГАДЫН ТОВЧООН” номын нээлт боллоо

Share Button

МУ-ын Гавьяат багш, ШУ-ы доктор, МУИС-ийн Эмерит профессор Энхбаярын РавданыИХ МОНГОЛ ГҮРНИЙ ХОТ, БАЛГАДЫН ТОВЧООН” (УБ., 2018) номын нээлт танилцуулга болжээ. Эл номыг Хубилай сэцэн хаан 1331 онд их гүрнийхээ Баруун хил хязгаарыг тогтоох зорилгоор өөрийн харьяаны улс орон, хот, балгадыг заасан газрын зураг Хуи яо, Тан, Сүн улсын үеийн уламжлалыг загвар болгон бүтээлгэсэн King shi ta tien (经世大典, “Засаглахуйн их журам”) буюу Баруун улс орнуудын  газрын зурагт багтсан өнөөгийн Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Саудын Араб хүртэлх нийт монгол, перс, араб, түрэг, герег, армян зэрэг есөн хэлний 105 улс орон, хот балгадын нэр, мөн Илхаадын үеэс 1520-иод оны үед бүтээсэн “Монгол уул, усны газрын зураг”-т орсон 200 орчим улс орон, хот, балгадын нэрийн судалгаанд үндэслэн бичжээ.

“蒙古山水地圖” (Монгол уул, усны газрын зураг) (МУУГЗ)-ийг Японд хэдхэн жилийн өмнө тохиолдлоор олжээ. МУУГЗ-ийг 2002 онд Бээжингээс очсон эртний эд өлгийн зүйл цуглуулагч Mi Fu’s (米芾) , Yanshan Ming (研山銘) нар Японоос худалдаж авсан байна. Зураг 1920–иод оны үеэс Fujii Yurikan-ы хувийн музейд байжээ.

Их Монгол гүрний үеийн хот, балгадын түүхийг судласан Emil Bretschneider (1833-1901), Henry Yule  (1820-1889), Jean Pierre Guillaume Pauthier (18011873), Армяны хаан Ignatius Mouradgea d’Ohsson (1740 -1807) зэрэг судлаачийн бүтээл, түүхэн сурвалжууд, эртний Хятад, Дундад Ази, Араб, Перс, Армян, Орос зэрэг улс орны  цаг тооны бичиг, өрнө дорнын олон орны нэрт аялагчдын аяллын тэмдэглэл зэргийг англи, франц, герман хэлнээ хөрвүүлсэн бүтээлд үндэслэн өнөөгийн байдал, байршил, хүн амын холбогдолтой болон бусад мэдээллээр баяжуулсан байна.

“Гол эх сурвалж болсон хоёр зураг 190 орчим жилийн зайтай хэвлэгдэн гарсан ч King shi ta tien­ газрын зураг болон түүнтэй төстэй байж болох бусад зургуудыг МУУГЗ-ыг эцэслэн бэлдэх  ажлын хэрэгцээний зураг гэж үзэх боломжтой гэж нотолсон” хэмээн зохиогч тэмдэглэжээ. Уг хоёр зурагт Их Монгол гүрний харьяанд багтаж байсан улс орон, хот балгадын  17 нэр зөвхөн давхцаж байна.  Энэ нь түүхэн их үйлийн хувьсал өөрчлөлт, хөдөлгөөнийг илэрхийлж байна. Гэвч дээрх хоёр газрын зурагт орсон 316 нэр бүхий улс орон, хот, балгадаас өдгөө 100 гаруй нь устаж үгүй болсон эсвэл өөр газар, өөр нэрээр байгуулж мэдэгдэхгүй болсон гэх зэрэг шалтгаанаар номд ороогүй байна.

“Дээрх олон монгол нэр хэзээ, хаана, түүхийн ямар нугачаанд харийн олон хэл-соёлд  уусан идээшсэн үйлийн шууд болон дам тайлал буюу суурь дэвсгэр нь болж байна. Тиймээс дундад эртний үед Их Монгол улсын эрхшээлд орж их гүрнийг маань бүрдүүлж байсан 200 орчим улс орон, хот балгадын түүхийг чадан ядан өгүүлэхдээ тэдгээр нэрийн гарал үүдэл, дуудлага, хувьсал өөрчлөлтөд багагүй анхаарсан” хэмээн зохиогч өгүүлээд “…түүх бичлэг нь өнгөрсөн үеийн үйл явдлыг зохистой дарааллаар холбосон нэгэн ёсны хэлхээ байхаас гадна цаг зуурын үнэлгээ, дүгнэлтээс чөлөөтэй байна. Харин түүхэн үйл явдал өрнөсөн газрын нэр, уг үйлийг үйлдэгч бодгалийн нэр зөв байх нь түүх “түүхийрэхгүй”-н анхдагч нөхцөл хэмээн” тэмдэглэн хэллээ.

Профессор Э.Равдан 20-иод жилийн өмнөөс дэлхийн олон улс орны эрдэмтэд “монгол газар нутгийн нэр” хэмээн нотолсон судалгааг бүртгэн цуглуулж, МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн “Нэр судлалын төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд  бусад судлаачдын хамт 7-8 гадаад хэлээс монгол хэлнээ хөрвүүлэн “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр” (УБ., 2005, 2006, 2013) гурамсан дэвтрийг хэвлүүлснийг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн 2016 онд нэгтгэн хэвлүүлжээ.