“Олон улсын феминист гадаад бодлогын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав

Share Button

МУИС-ОУХНУС-ийн Оюутны Зөвлөлөөс МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газартай хамтран зохион байгуулсан “Олон улсын феминист гадаад бодлогын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” ерөнхий сэдэвт Эрдэм шинжилгээний хурал 2018 оны 3 дугаар сарын 7-нд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд ирүүлсэн нийт илтгэлээс:

  1. МУИС-ОУХНУС 2-1 М.Зоригт
  2. МУИС-ОУХНУС 2-3 Т.Энэрэлт
  3. Шиxихутуг Их Сургууль-Эрүүгийн эрх зүйн 4в ангийн Г.Насантогтох
  4. МУИС-ОУХНУС 1-1 Ү.Цэнд-Аюуш
  5. МУИС-ОУХНУС 3-1 Г.Мөнгөнзул
  6. МУИС 1р курс Э.Балжинням
  7. МУИС-ОУХНУС 3-1 Б.Оюундарь
  8. МУИС-ШУС-ХУС 2р курс Д.Батболд нарын бүтээл шалгаран өрсөлдөж,

Нэгдүгээр байранд 85,5 оноогоор МУИС-ОУХНУС-ийн 3-1 ангийн оюутан Г.Мөнгөнзул “Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоо феминист гадаад бодлогын илрэл болох нь” сэдэвт илтгэлээр тэргүүлэн, өргөмжлөл, 500.000 төгрөг, дэд байранд 82,5 оноогоор  МУИС-ОУХНУС-ийн 2-3 ангийн оюутан  Т.Энэрэлт “Исламын шашинтай улсуудын феминист бодлогын өнөөгийн чиг хандлага” сэдэвт илтгэлээр шалгарч өргөмжлөл 300.000 төгрөг, гутгаар байранд 79 оноогоор МУИС-ОУХНУС 2-1 ангийн оюутан М.Зоригт “Feminist Foreign Policy” сэдэвт илтгэлээрээ шалгарч тус тус шагнууллаа.

 

Хурлын шүүгчээр МУИС-Олон Улсын Харилцааны Сургуулийн тэнхимийн ахлах багш Г.Баасанхүү, МУИС-Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын ахлах багш Б.Мөнхжавхлан нар ажилласан ба дэлхий дахинд, тэр дундаа Монголд маш бага судлагдсан, судалгааны материал тун цөөн сэдвийг сонгож авсанд тун талархаж, илтгэгчдийг:

  • Сэдвийн агуулга, санаа илэрхийлэх байдал
  • Эх сурвалжтай ажилласан байдал
  • Судалгааны ажилд суралцаж буй байдал
  • Илтгэх чадвар
  • Асуултанд хариулсан байдал гэсэн 5 шалгуураар шалгаруулсан юм.  

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Оюутны зөвлөл нь Сургуулийн захиргаа, Оюутны хөгжил, үйлчилгээний газар, клубүүд бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран оюутны оюунлаг нөөцөд тулгуурласан аливаа эрдэм шинжилгээ, судалгааны арга хэмжээ, соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чин эрмэлзэлтэй бөгөөд 2018 онд ч олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.