МУИС-ийн Номын сан “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардан авлаа

Share Button

Монголын номын сангийн салбарт дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, технологийг нэвтрүүлэн, орчин үеийн дизайны шийдэлтэй, ая тухтай орчинг бүрдүүлж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны түшиц номын сан-мэдээллийн төв болгон монголчуудын оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлэн МУИС-ийн Номын санг “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г шагналаар 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 255 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, оюун санааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2017 оны шагналаар,

Монголын дээд боловсролын төдийгүй номын сангийн салбарын нүүр царай болохуйц, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, барилга байгууламж бүхий эрдэм шинжилгээ, сургалт судалгааны түшиц номын сан-мэдээллийн төв болгон, хөрөнгө  оруулалтын  дийлэнхийг их сургууль өөрийн нөөц бололцоогоор шийдэж, зураг төсөл, барилга байгууламж, засал шийдэл зэрэг бүхий л ажлыг үндэсний аж ахуйн нэгжүүд гүйцэтгэн бүтээн байгуулсан, монголчуудын оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн бүтээн байгуулалтыг шагнасугай” гэжээ.

МУИС-ийн номын санг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан МУИС-ийн үе үеийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, ажилтнууд болон МУИС-ийн Номын сангийн барилгыг барьж гүйцэтгэсэн Барилга Корпораци ХХК-ийн хамт олонд баяр хүргэн, цаашдын ажил үйлсэд улам их амжилтыг хүсье.

Энэхүү шагналыг төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулалт хийсний дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм.