Төрийн албан хаагчдад зориулсан “Тогтвортой хөгжил – Төрийн захиргаа” сэдэвт сургалт амжилттай болж өнгөрлөө

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөртэй хамтран “Орон Нутгийн Цогц Хөгжил – Түншлэл” (ICDP) төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил-Төрийн захиргаа” сэдэвт сургалт 2018 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд МУИС хичээлийн V байрны 203 тоотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад Баянхонгор, Сэлэнгэ, Увс, Өмнөговь, Төв аймгуудын ЗДТГ-ын удирдах болон гүйцэтгэх түвшний төрийн албан хаагчид хамрагдлаа.

Тус сургалтын хүрээнд:

  • Монгол Улсын “Төрийн албаны хуулийн шинэчлэл” Төрийн албаны зөвлөлийн гишүүн Др. С. Цэдэндамба;
  • “GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн ICDP төсөл” GIZ IMRI хөтөлбөрийн дэд захирал О. Батболд;
  • “Тогтвортой хөгжил – Орон нутаг” Үндэсний хөгжлийн газар, Судалгаа, шинжилгээний албаны дарга Др. А. Мөнхболд;
  • “Орон нутгийн цогц хөгжил – түншлэлийг албажуулах нь” Үндэсний хөгжлийн газрын зөвлөх С. Намжилмаа;
  • “Төрийн албан хаагч, хувь хүний харилцаа, хандлага” МУИС-ийн номын сангийн захирал Проф. Др. Г. Цэрэн;
  • “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа” Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б. Лакшми;
  • “Орон нутгийн цогц хөгжил түншлэл” МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н. Бурмаа нар лекц уншлаа.

Төрийн албан хаагчид МУИС-ийн шинэ номын сан, Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн хамтын ажиллагаа, MNS ISO 9001:2016 стандартыг амжилттай хэрэгжүүлсэн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Энэхүү сургалт нь төрийн албан хаагчдад шинэ мэдлэг, шилдэг туршлага судлах боломж олгон онол, практик хосолсон үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид өндөр сэтгэгдэлтэй байлаа.

Нийтийн удирдлагын тэнхим нь 2012 оноос эхлэн GIZ IMRI хөтөлбөртэй хамтран тус төслийг хэрэгжүүлж ирлээ. Аймгуудын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хийсэн ажлыг үнэлэн Проф. Др. Н.Бурмааг Баянхонгор аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Аймгийн тэргүүний ажилтан”; Увс аймгийн Засаг даргын шийдвэрээр “Увс аймгийн хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнав.

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим