“Мэдлэгийн менежмент” улсын VI олимпиад амжилттай болж өнгөрлөө

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимээс Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд 2011 оноос хойш “Мэдлэгийн менежмент”-ийн улсын олимпиадыг амжилттай зохион байгуулж ирсэн ба жил бүрийн 5 сард зохион байгуулдаг уламжлал тогтсон. Энэхүү олимпиад нь оюутан суралцагчдын зүгээс онолын болон мэргэжлийн мэдлэгээ ашиглан практик кейс дээр оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой уралдаан бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн BSG /Business Strategy Game/ -д суурилагдан явагддаг.

BSG буюу Бизнесийн стратегийн тоглоом нь дэлхийн нэр хүндтэй топ их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, бизнесийн магистрийн зэрэг хамгаалагсдын дунд өргөн ашиглагддаг бөгөөд их сургуульд суралцах хугацаандаа олж авсан мэдлэг, чадвараа ашиглан бизнес байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжлэн, стратегийн оновчтой шийдвэр гаргахад суралцах маш үр дүнтэй  дасгал болдог байна.

Энэхүү олимпиадад оролцсноор салбарын ба өрсөлдөөний шинжилгээ хийх, байгууллагын бизнесийг зөв үнэлэх, стратегийг амжилттай боловсруулах, бүх функциональ үйл ажиллагаануудыг нэгтгэн зангидаж, стратегийг дэмжих үйл ажиллагаануудыг шийдвэрлэх, бизнесийн эрсдлийг тооцох, стратегийг хөгжүүлэх ба дахин сайжруулах чиглэлээр бизнесийн бодит орчныг төлөөлүүлэн загварчилсан бизнесийн стратегийн онлайн тоглоомыг интернэтийн орчинд тоглож, хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ дэлхийн бусад орны тоглогчидтой чансаагаа харьцуулан үзэх боломжтой. Одоогийн байдлаар Дэлхийн 48 улсын 548 их, дээд сургууль, коллежийн 3021 баг, 53077 оюутан уг тоглоомыг ашигласан статистик байгаа бөгөөд уг ажил хэргийн тоглоом нь сургалтын өндөр үр дүнтэй арга хэрэгслийн нэг болоод байна.

Ээлжит Мэдлэгийн менежментийн VI олимпиад 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр  амжилттай зохион байгуулагдаж  МУИС-Бизнесийн сургууль, ХААИС-Эдийн засаг бизнесийн сургууль, Санхүү эдийн засгийн Их сургууль,  Олон улсын Улаанбаатарын Их сургууль,Улаанбаатар Эрдэм Их сургуулийн нийт 5 багийн 20 гишүүн дэлхийн зах зээл дээр мэдлэг, ур чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс оновчтой стратеги, зөв тактикаараа ялгарч МУИС-Бизнесийн сургууль баг тэргүүн байр эзэлж алтан медаль, Олон улсын Улаанбаатарын Их сургуулийн баг хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль, Улаанбаатар Эрдэм Их сургуулийн баг гуравдугаар байр эзэлж хүрэл медалийн эзэд боллоо.

ОРОЛЦСОН НИЙТ БАГУУДДАА халуун баяр хүргэж, сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье!

Олимпиад зохион байгуулах ажлын хэсэг

МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ