Итали улсын Пизагийн их сургуулийн профессор П.Ж.Борбоне Түүхийн тэнхимд цуврал лекц уншлаа

Share Button

Европын холбооны ЕРАСМУС хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Түүхийн тэнхимд Италийн Пизагийн их сургуулийн профессор Пиэр Жиоржио Борбоне (Pier Giorgio Borbone) 5 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд цуврал лекц уншлаа. Тус тэнхим Монголын эзэнт гүрний үеийн сири сурвалж бичгийн нэрт эрдэмтэн болох түүнийг гурав дахь удаагаа урьж буй нь энэ бөгөөд өмнө ирэхдээ тэрээр монгол оюутнуудад сири бичиг, сурвалж судлалын сургалт явуулж байсан билээ. Харин энэ удаад профессор Борбоне судалгааныхаа ажлын сүүлийн үр дүнгээс хэлэлцүүлсэн нь Их Монгол улс болон Илхаан, Цагадай улсуудын үеийн шашны бодлого үйл ажиллагаа, тэдгээртэй холбогдох сурвалж бичгүүдийн тухай олон сонирхолтой асуудлуудыг хөндөж байв. Цуврал лекцийг Түүхийн тэнхимийн профессор Д.Баярсайхан, дэд профессор Б.Чинзориг нар удирдан зохион байгуулав.