МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессоос санаачлан төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д үнэ төлбөргүй бэлтгэж байна

Share Button

Монгол Улсын Их Сургууль Монгол сурагчдын мөрөөдөл уриан доор явагдаж буй тус хөтөлбөрийн хүрээнд МУИС – ийн шилдэг оюутан сургагч багш нар 4 төрлийн хичээлийн хүрээнд сурагчдад мэдлэг олгож байна. Монгол Улсын Их Сургуулийн Оюутны хөгжил, үйлчилгээний газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсын ирээдүй хойч болсон залуу үеийн сурч боловсрох үйл явцад нөр их хувь нэмэр оруулаад зогсохгүй тэднийг ажлын байраар хангаж буйгаараа энэхүү хөтөлбөр онцлог юм. Дэмжин ажиллаж буй Оюутны хөгжил, үйлчилгээний газарт талархал илэрхийлье.

Сургалтын давуу талууд:

  • Үе тэнгийн сургагч багш нараас үлгэр дуурайлал авах замаар төрөл бүрийн чадваруудыг эзэмших
  • Их сургуулийн оюутан болоход шаардлагатай төлөвшлүүдийг эртнээс дадал болгох
  • Сургалтын шинэлэг арга зүйг ашиглан сонирхолтой, үр дүнтэй байдлаар сурагчдад мэдлэг олгох
  • Сурч боловсроход бүрэн боломжтой сургалтын тав тухтай орчин нөхцөлөөр хангагдсан

Тус хөтөлбөр нь 4 дүгээр сарын 23-аас 6 дугаар сарын 15-ны хооронд 45 хоногийн хугацаанд хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Оюутан сургагч багш нар сурагчдад зөвхөн академик мэдлэг олгохын сацуу ЭЕШ – д бэлдэх болон шалтгалтын үеээр тулгардаг нийтлэг асуудлуудын талаар өөрсдийн туршлага дээр үндэслэн зөвлөгөө өгөх зэргээр олон талын чадварыг суулгаж байна. Мөн сурагчдыг сурч боловсроход таатай орчин нөхцөлөөр хангахад Монре даатгалын Соло молл салбар дэмжлэг үзүүлж буй юм. Төгсөх ангийн сурагчдыг бэлтгэж буй оюутан сургагч багш нарыг сонгохдоо тэдний ЭЕШ – ийн оноонд тулгуурлан 750 буюу түүнээс дээш оноо авсан эсэхийг нь харгалзан үзэж мөн нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хариуцлага хүлээх бүрэн чадвартай 1 – 3 түвшний оюутнуудын дунд сонгон шалгаруулалт явуулж нийт 6 оюутныг сонгон авсан болно.

Сургалтад одоогийн байдлаар давхардсан тоогоор  зорилтот 5 сургуулийн 150 гаруй төгсөх ангийн сурагчид идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь сурагчдын дунд хэдийнээ тодорхой хүлээлтийг үүсгээд буй нь харагдаж байгаа юм. 

Мөн тус хөтөлбөрт хамрагдсан сурагчдын ЭЕШ – ийн амжилтыг харгалзан ирэх хичээлийн жилд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ЕБС – ийн бүх сургуулиудад нээлттэй сонгон шалгаруулалт явуулж шалгарсан сурагчдыг үргэлжлүүлэн үнэ төлбөргүй бэлтгэх төлөвлөгөөтэй байна.

МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конггресс