“Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрхзүй: харьцуулсан судалгаа” номын нээлт боллоо

Share Button

Өчигдөр /2018.05.17/ МУИС-ийн Номын санд МУИС-ийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээл болох Үндсэн хуулийн эрхзүйн онол, практикийг дэлхийн улс орнуудад өнөө цагт хэрхэн хэрэгжүүлж буйг өгүүлсэн “Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрхзүй: харьцуулсан судалгаа” хэмээх ахисан түвшний суралцагчдад зориулсан шинэ номын нээлтийн ёслол боллоо.

Номын зохиогч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор, Гавьяат багш Ш.Цогтоо энэхүү бүтээлдээ сургалтын, эрхзүй судлалын, онол практикийн гурван гол асуудлыг авч үзсэн бөгөөд өдгөө цагт гадаад орнуудад түгээмэл үйлчилж буй иргэний болон хувь хүний эрхзүйн байдлын үндсэн загвар, нийгмийн эдийн засаг, улс төрийн тогтолцоонд баримталж буй Үндсэн хуулийн шинэ зарчим, засаглалын болон төрийн байгууламжийн өвөрмөц хэлбэрүүд, шүүх, засгийн эрх барих байгууллагын хийгээд нутгийн өөрийн удирдлагын талаарх олон талт суурь мэдлэг, тэдгээрийн аргазүйн үндэслэлүүдийг эмхлэн цэгцлэхийг хичээжээ.

Ардчилсан нийгэм дэх эрх мэдэл хуваарилалтын онолын өвөрмөц зохицуулалтаас хамааран бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээсэн парламент дэлхий дээр тун цөөхөн байхад огт огцордоггүй, бас тардаггүй Монгол Улсын парламентын механизм маань гайхамшигт үзэгдэл үү, гажуудалт тогтолцооны үр дүн үү гэхчилэн эл номын сэдэв бүр дээр харьцуулан үзэх, эрэгцүүлэн бодох, авах гээхийн ухаанаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг тодорхой нөхцөлд тохируулан боловсронгуй болгох арга зүй болж байгаад уг бүтээлийн гол ач холбогдол оршиж байгаа юм байна.

Уг номыг бүтээхэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Төртогтох, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, олон улсын эрхзүй судлаач, хуульзүйн ухааны доктор М.Уянга, Монгол Улсын Cоёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч И.Рэнчинханд болоод орос, англи, франц, сонгонгос хэлний мэргэшсэн орчуулагч нарын үнэтэй хувь нэмэр шингэж, Үндсэн хуулийн цэцийн судлаач, шинжээч мэргэжилтнүүдийн дэмжлэг, туслалцаа чухал үүрэг гүйцэтгэсэн байна.