Мэргэжлийн хөтөлбөр сонгох бакалаврын түвшний оюутнуудад мэдээлэл хүргэх, зөвлөгөө өгөх арга хэмжээ үргэлжилсээр байна

Share Button

МУИС-ийн Сургалтын нэгдсэн газрын Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын алба “Ажил, мэргэжил судлал” магистрын хөтөлбөрийн багш, магистрантуудын хамтран зохион байгуулж буй энэ жил мэргэжлийн хөтөлбөрөө сонгох бакалаврын түвшний оюутнуудад мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа Номын сангийн 203 тоотод үргэлжилсээр байна. Уг арга хэмжээний талаарх оюутнуудын сэтгэгдлийг хүргэе.

М.Айтолкин (ХШИУС-ийн ерөнхий суурийн оюутан): Өнөөдөр энд ирснээр мэргэжил сонголтын талаар мэдэхгүй байсан, эргэлзэж байсан зүйлээ тодорхой болгож авлаа. Мөн “Ажил, мэргэжил судлал”-ын хөтөлбөрөөр суралцаж буй магистрантаас маш үнэтэй зөвлөгөө авлаа. Би хэдэн мэргэжил дээр эргэлзээд байснаа тодорхой болгож чадлаа. Тараах материал дээрх мэдээлэл тодорхой, өгөөжтэй, ойлгомжтой бас сонирхолтой байна. Иймэрхүү үйл ажиллагааг дахин зохион байгуулвал би найз нөхдөө мөн бусад оюутнууддаа ч гэсэн уриалаад хамгийн түрүүнд ирнэ. Та нарт их баярлалаа.

Д.Эрдэнэзаяа (ХШИУС-ийн ерөнхий суурийн оюутан): Яах юм бол гэж эргэлзэж байсан зүйлээ өнөөдөр тодорхой болгож чадлаа. “Ажил, мэргэжил судлал” хөтөлбөрийн магистраас миний бүр огт бодож байгаагүй хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө авлаа. Журмын танилцуулгыг сонсоод, тараах материал дээрх мэдээллийг хараад үнэхээр эргэлзэж байсан зүйлээ тодорхой болгосондоо их баяртай байна. Энэ талын мэдээлэл үнэхээр дутагдаж байсан. Би анх удаа иймэрхүү арга хэмжээнд ирж байгаа. Үнэхээр хэрэгтэй юм байна гэж бодож байна. Дахиад ийм үйл ажиллагаа болбол би заавал ирнэ.

Ш.Бямбадаш (ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын ерөнхий суурийн оюутан): Хэрэгтэй мэдээллээ сонсч, сайхан зөвлөгөө авлаа. Тараах материал дээрх мэдээлэл хүртээмжтэй, авъя гэсэн мэдээллээ авч чадлаа. Дахиад ийм үйл ажиллагаа ойр ойрхон зохион байгуулбал маш их хэрэгтэй юм байна гэж бодож байна. Арга хэмжээний талаарх мэдээллийг уншлагын танхимд наасан жижиг постероос харж ирсэн.

Оюутнууд та бүхэн өнөөдрийн буюу 5 дугаар сарын 17-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Номын сангийн 203 тоотод ирж мэргэжил сонголтын талаар албаны мэргэжилтэнгүүдээс болон “Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн магистрантуудаас зөвлөгөө аваарай.

СНГ, Хөтөлбөр чанарын баталгаажуулалтын алба

“Ажил, мэргэжил судлал” хөтөлбөр