БНСУ-ын төлөөлөгчид айлчиллаа

Share Button

МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар БНСУ-ын Гванжугийн шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (GIST)-гийн био анагаах ухааны тэнхмийн эрхлэгч проф. Рэкил Пак, БНСУ-ын Олон улсын боловсрол, солилцооны холбооны тэргүүн ноён Жэй Жон Ю Ли болон тус холбооны гадаад харилцааны хэлтсийн дарга ноён Мэтью Ким нарыг 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад БСШУС-ийн сайдын зөвлөх Др. С.Мөнхбат, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Др. Б. Очирхуяг болон ГХХ-ийн дарга Ш. Мэндбаяр нар байлцав.  

Уулзалтын эхэнд проф. Рэкил Пак Монгол улсын АШУҮИС-д айлчилж хоёр сургууль хооронд санамж бичиг зурсан тухайгаа дурдаад Монгол улсын ууган сургууль дээр айлчилж буйдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Тэрээр үргэлжлүүлэн өөрийн хүрээлэнгийн талаар товч мэдээлэл өгөв. GIST нь БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаагаа явуулдаг судалгааны байгууллага бөгөөд QS эрэмбийн нэг шалгуур үзүүлэлт болох ишлэл болсон бүтээлийн профессоруудад ноогдох хэмжээгээр дэлхийд 3-т эрэмблэгддэг талаар дурдав. GIST-д 190 багш, судлаачидтай 1000 орчим оюутан суралцдаг бөгөөд нийт оюутны 90 хувь нь тэтгэлэгээр суралцдаг ажээ. Тус хүрээлэн нь гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгоор гадаадаас шилдэг багш, оюутанг шалгаруулж ажиллуулах бодлоготой буйгаа илэрхийлэв.

МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар тус сургуульд айлчилж буй зочдод талархлаа илэрхийлээд МУИС-ийн стратегийн зорилтийн талаар болон гадаад хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөөд GIST-тэй хамтран ажиллаж МУИС-ийн шилдэг багш, оюутнуудыг тус хүрээлэн рүү ажиллаж суралцуулахаар илгээхэд бэлэн буйгаа илэрхийлэв. Мөн хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааны гэрээг ойрын хугацаанд шинэчлэн хийж бодит хамтын ажиллагааг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдгийг тэмдэглэв.

Проф. Рэкил Пак захирал Я. Төмөрбаатарын саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд GIST-ийн сургалт, судалгааны бүх хөтөлбөр англи хэл дээр явагддаг тул МУИС-ийн англи хэлний түвшин өндөртэй багш, оюутнуудыг тус хүрээлэнд суралцаж ажиллуулах хүсэлтэй буйгаа хэлээд МУИС-ийн удирдлагыг ойрын хугацаанд тус хүрээлэнд айлчлахыг урив.

МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар проф. Рэкил Пакд талархлаа илэрхийлээд үргэлжлүүлэн ноён Жэй Жон Ю Литэй хамтран ажиллах талаар санал солилцов. Ноён Жэй Жон Ю Ли болон захирал Я. Төмөрбаатар нар МУИС-ийн оюутан, багш нарыг солилцооны хөтөлбөрт хамруулах тал дээр хамтран ажиллах  боломжтой гэдэг дээр санал нэгдэв.