Хавдар судлалын үндэсний төвийн төлөөлөгчид МУИС-д зочлов

Share Button

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр МУИС-д зочилж, эхлээд Биоорганик хими-Фармакогнозын лабораторид хийгдэж буй Монгол орны ургамал, эндофит микроорганизмын биологийн идэвхт нэгдлийн судалгаатай танилцав.  Тус лабораторид одоогоор бэлэн байгаа 250 орчим зүйл ургамлын ханд, 3000 орчим зүйл эндофит актиномицетийн омог болон цэврээр ялган авсан нэгдлүүд дээр хавдрын эсрэг идэвхийн скрининг судалгааг хамтран явуулахаар болов.

Мөн Генийн инженерчлэлийн лабораторид хийгдэж буй судалгаа болон одоогоор 22 шугаман эс бүхий хавдрын эсийн банктай танилцаж, тус санг цаашид Монгол хүнээс ялган авсан хавдрын эсээр баяжуулах судалгааг хамтран хийхээр тохиролцов.

МУИС дээр хийгдэж буй судалгааны ажилтай танилцсаны дараа Хавдар судлалын үндэсний төвийн төлөөлөгчдийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм.

 

Хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 1-ний дотор хамтын ажиллгааны гэрээ байгуулах, лаборатори, судлаачдын түвшинд хамтарсан судалгааг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцлоо.