МУИС-ийн 13 номын санч Бээжин хотын томоохон номын сангуудад ажиллалаа

Share Button

МУИС-ийн номын сангаас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Бээжин хотод байрлах БНХАУ-ын үндэсний номын сан, Ардын үндэстний их сургуулийн номын сан, Хууль-Улс төрийн их сургуулийн номын сангуудад томилолтоор 6 хоног ажиллаад арвин их туршлага хуримтлуулан ирлээ.

Дэлхийд 2-т ордог “Үндэсний номын сан”-гийн барилга байгууламж, интерьер дизайн, номын фонд, номын санчийн тоо, техник технологи, харуул хамгаалалт, үйлчилгээний соёл, үйлчилгээний үзүүлэлт… гэх мэт энд дурдаад барагдахгүй содон мэдээллүүд, үзэж сонирхох зүйл маш их байлаа. “Хууль-Улс төрийн их сургуулийн номын сан”-д RFID технологи бүрэн нэвтэрсэн. Хаалгаар орохоос эхлээд ном захиалах, сонгосон номоо тавиураас авах, ном буцаах, номоо тоолох нь хүртэл автомат ажиллагаатай, гар ажиллагаа маш бага ажээ.

“Ардын үндэстний их сургуулийн номын сан” нь 15 давхар барилгатай маш баялаг фондтой, ховор хуучин номын хадгалалт хамгаалалт нь маш нарийн стандарттай, Монгол, Манж хэлээр бичигдсэн судалгааны бүтээл ихтэй.

БНХАУ-ын их сургуулийн номын санч нар нь багш нартай адил статустай, цалин, эрдмийн зэрэг цол олгох шалгуур нь ижил юм байна. Бид энэ түвшинд хүрэхийн тулд бодлогын түвшинд анхаарахаас гадна номын санч нар өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй санагдлаа. БНХАУ-ын эдгээр номын сантай очиж танилцаж, мэргэжил нэгт хүмүүсээс туршлага солилцох, хамтран ажиллах боломж олгож, бүх талаар дэмжсэн МУИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэн нарт маш их баярлалаа. МУИС-ийн номын сангийн гадаад харилцаа цаашид улам өргөжин хөгжин гэдэгт итгэлтэй байна.