ABU ROBOCON олон улсын роботын тэмцээний анхны Монгол шүүгчээр МУИС-ийн ХШУИС-ийн багш Ө.Батбаяр ажиллалаа

Share Button

“ABU ROBOCON 2018” олон улсын роботын 17 дахь удаагийн тэмцээн 8-р сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд Вьетнам улсын Нин Бин хотод зохион байгуулагдлаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр МУИС-ХШУИС-ийн багш, “Робот судлал”-ын лабораторийн ахлагч Ө.Батбаяр ажиллалаа. Ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүнд нийт таван хүн ажилладаг ба Монгол улсаас шүүгчээр ажилласан анхны тохиолдол юм. Түүнчлэн МУИС-ХШУИС-ийн дэд профессор Ч.Лодойравсал, багш Ө.Батбаяр нар “ABU ROBOCON 2018” олон улсын роботын тэмцээний үеэр “ABU ROBOCON 2019” Улаанбаатар тэмцээний дүрмийн эцсийн хувилбарыг ABU болон NHK телевизийн ажлын хэсэгтэй хэлэлцэн батлах, олон нийтэд танилцуулах, продюсеруудын хуралд танилцуулах үүрэгтэй ажиллалаа.

Зураг 1. Дүрмийн хэлэлцүүлэг

Уг тэмцээн дээр болсон бас нэг онцлог үйл явдал бол Монгол улс анх удаа ABU ROBOCON олон улсын роботын тэмцээнийг 2019 онд зохион байгуулахаар албан ёсоор тугаа гардаж авсан явдал юм. “ABU ROBOCON 2019” Улаанбаатар тэмцээний дүрмийг 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боловсруулж 8-р сарын 26-ны өдөр нийтэд албан ёсоор танилцууллаа. Бүтэн жилийн турш боловсруулсан уг дүрэм Монголчуудын түүх соёлыг олон улсад таниулахаас гадна ABU ROBOCON тэмцээний түүхэнд технологийн хувьд нэг шат ахиулах болсноороо онцлог болсон юм. Тэмцээний албан ёсны веб хуудас: http://aburobocon2019.mnb.mn/en, дүрмийн видео танилцуулга: https://youtu.be/u6gRn_0Jz0c

Зураг 2. Лого

Ази-Номхон далайн орнуудын шилдэг их, дээд сургуулиудын хооронд зохиогддог энэ удаагийн тэмцээнд нийт 18 орны 19 баг өрсөлдөж, техник технологийн мэдлэг чадвараараа өрсөлдсөн бол тэмцээнийг нийт 3500 үзэгч үзжээ. Тэмцээний хасагдах шатны тоглолтууд маш сонирхолтой болж, Хятад болон Вьетнамийн багууд аваргын төлөө өрсөлдсөн юм. Хэдийгээр Хятадын баг хурдаар илүү байсан боловч эхний цацагт дүүгүүрээ алтан аяга дээр тогтоож чадаагүй юм. Энэ боломжийг Вьетнамын баг алдалгүй ажиглаж, эхний оролдлогоороо цацагт дүүгүүрээ алтан аяга дээр тогтоож, ABU ROBOCON 2018 тэмцээний аварга болсон юм. Үүний зэрэгцээ Японы баг, хэдийгээр түрүүлээгүй ч технологийн хувьд хамгийн шилдэг роботыг зохион бүтээсэн гэж үзэж, ABU ROBOCON тусгай шагналаар шагнуулсан юм. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн ШУТИС-ийн ЭХС-ийн баг оролцож, хэсэгтээ Индонезийн багийг оноогоор хожиж, Японы Токиогийн их сургуулийн багт цэвэр хожидсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Хэдийгээр манай улсын баг хэсгээсээ шалгарч чадаагүй ч Мабучи моторс-ийн нэрэмжит тусгай шагналаар шагнуулж, эх орондоо ганзага хоосонгүй ирлээ. Тэмцээний алба ёсны вэб хуудас: http://aburobocon2018.vtv.vn/robocon-2018/result-of-abu-robocon-2018-contest-185.html.

ABU ROBOCON олон улсын роботын тэмцээн 2019 онд анх удаа Монгол улсад олон улсын роботын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Роботын технологиор дэлхийд тэргүүлэгч япон, солонгос, хятад зэрэг улсууд багтдаг энэ тэмцээн нь монголын инженер залууст харж, сурах том боломж юм. Мөн зөвхөн их сургуулиуд гэлтгүй ЕБС-уудийн сурагчид, инженер залуучуудад нээлттэйгээр үзүүлэх нь ирээдүйн инженерүүдийг шинэ түвшинд бэлтгэхэд ач холбогдолтой.

Зураг 3. Тэмцээний үр дүн

Хүснэгт 1. Шагнал

ABU ROBOCON AWARD Japan
GRAND PRIX Vietnam 2
1st RUNNER-UP China
2nd RUNNER-UP Cambodia
2nd RUNNER-UP Japan
BEST IDEA AWARD Malaysia
BEST ENGINEERING AWARD Vietnam 1
BEST DESIGN AWARD Egypt
BEST SHUTTLECOCK Nepal
PANASONIC AWARD Cambodia
TOYOTA AWARD Japan
MABUCHI MOTOR AWARD Mongolia
NAGASE AWARD Vietnam 2
ROHM AWARD India
NOK AWARD Vietnam 1