Анхны эндаументийн 10 жилийн ойг тэмдэглэв

Share Button

Монгол Улсын дээд боловсролын системд анхны гэж тооцогддог профессорын эндаумент сан АНУ-ын бизнесмен Зак Тэйлорын гэр бүл, АНУ-ын Азийн сан, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Билл Инфанте, МУИС-ийн Экологийн тэнхимийн эрхлэгч Б.Болдгив нарын хамтын хүчин чармайлтаар 2008 онд байгуулагдсанаас хойш 10 жил өнгөрчээ. Энэхүү 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд МУИС-ийн Биологийн тэнхимийн Экологийн хөтөлбөр, АНУ-ын Азийн сан, Тэйлорын гэр бүлийн сан хамтран 2018 оны 9-р сарын 5-нд семинар зохион байгуулж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд болон ирээдүйн хандлагын талаар хэлэлцлээ.

Семинарт оролцогчид чөлөөт хэлэлцүүлгийн үеэр

АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг 10 жилийн турш хэрхэн хамтран ажиллаж ирсэн тухай танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцүүлсэн бол ноён Зак Тэйлор яагаад Монголд эндаумент байгуулах болсон талаараа тайлбарласан юм. Эндаумент гэдэг нь аливаа их сургуулийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалж, профессор багш, суралцагчдад боломж олгож, санхүүгийн олон талт эх үүсвэр бүрдүүлж, эрдмийн эрх чөлөөг хангаж өгдөг ач холбогдолтой зүйл учраас санхүүжилтийн энэ загвар бол олон улсын их сургуулиудад сонгодог загвар болдог бөгөөд эндаументийн хэмжээгээрээ их сургуулиуд өрсөлддөг тухай тайлбарлаж өгөв. Тухайлбал, ноён Зак Тэйлорын төгссөн Харвардын Их Сургуулийн эндаументийн хэмжээ 2015 оны санхүүгийн жилийн төгсгөлд 37 тэрбум америк доллар байсан нь тухайн сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, нийгэмд үйлчлэх үйлчилгээ зэрэгт хэрхэн нөлөөлдөг талаар өгүүллээ.

Wef of Science-д бүртгэлтэй МУИС-ийн өгүүллүүдийн санхүүжилтийн байдал

Үүний дараа Биологийн тэнхимийн багш, Тэйлорын гэр бүл-Азийн сангийн нэрэмжит профессор Б.Болдгив өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж ирсэн ажлуудаа танилцууллаа.

  • Байгуулагдсан эхний жилээсээ л сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд 10 жилийн хугацаанд доктор, магистр, бакалаврын түвшний 20 оюутны сургалтын төлбөрт 120 сая орчим төгрөг төлж, 11 магистрын ажил бүрэн хамгаалуулсан байна. Тэтгэлэг хүртсэн цөөнгүй суралцагчид дараагийн түвшинд өндөр хөгжилтэй орнуудад суралцаж байна.
  • Сүүлийн гурван жилд докторын түвшний гурван суралцагчдад сар бүр тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд энэ ажилд нийтдээ 42 сая төгрөг зарцуулжээ.
  • Сургалт, судалгааны багаж төхөөрөмж, лабораторийн тавилга, урвалж бодис зэрэгт 110 сая төгрөг зарцуулсан байна.
  • Дэлхийн шилдэг сурах бичиг орчуулах, хэвлэлийн болон бусад зохиогчийн эрхийг худалдан авах, эдгээр болон бусад бүтээлийг хэвлэн нийтлүүлэхэд 140 сая төгрөг зарцуулав. Энэ хүрээнд дэлхийн шилдэг сурах бичиг профессор Дуглас Футуимагийн “Эволюци” сурах бичиг орчуулагдан гарсан бол “Кэмпбеллийн биологи” сурах бичгийн арав дахь хэвлэлийн монгол орчуулга хэвлэлд бэлтгэгдэж байна.
  • Тэргүүлэх судлаачдын цуврал лекцийг зохион байгуулж, энэ хүрээнд дэлхийн шилдэг судлаачдыг урьж авчирч, судалгааны тэргүүлэх ололтоор нь илтгэл хэлэлцүүлж, богино хугацааны сургалтууд зохион байгуулжээ. Ли Дугаткин, Дуглас Футуима, Пол Сниговски, Олаф Женсен, Дуглас Айфлер, Стюарт Пимм, Людовик Орланда, Пьер Лианкур, Нилс Стенсет, Брайн Пижановски зэрэг олон орны судлаачид энэ арга хэмжээний хүрээнд урт богино хугацаагаар уригдан ирж, ажиллажээ. Энэ арга хэмжээнд 50 орчим сая төгрөг зарцуулсан байна.
  • 2014 оноос судалгааны үйл ажиллагаанд санхүүжилт зарцуулах боломжтой болсон бөгөөд энэ хүрээнд уг хандивын сангаар санхүүжигдсэн 7 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэний дотор Science сэтгүүлд гарсан 2 өгүүлэл, Nature сэтгүүлд гарсан нэг өгүүлэл гарсан нь МУИС-ийн түүхэн дэх анхны тохиолдол болоод байгаа. Ийнхүү уг хандивын сангийн санхүүжилтээр хэвлэгдсэн өгүүллийн тоо нь Монгол Улсын ШУТСанг талархалдаа дурдсан МУИС-ийн өгүүллийн тоотой тэнцүү байна.

Үүний дараа уг хандивын сангийн тэтгэлгээр суралцаж буй докторант, ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Батдорж, магистрант, Дэлхийн байгаль хамгаалах сангийн гэрээт судлаач М.Ууганбаяр нар өөрсдийн хийж буй судалгааны сэдвээр илтгэл тавив.

Докторант С.Батдорж илтгэл хэлэлцүүлж байгаа нь

Магистрант М.Ууганбаяр судалгааны ажлаа хэлэлцүүлж байгаа нь

Эцэст нь, МУИС-ийн захиргааг төлөөлж, ШУС-ийн Байгалийн ухааны салбар эрхэлсэн дэд декан, доктор Ц. Амартайван, Биологийн тэнхимийн эрхлэгч Б. Оюунцэцэг нар талархлын үг хэлж, ноён Зак Тэйлорт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.

АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Марк Кэйниг

Дэд декан Ц. Амартайван ноён Зак Тэйлорт дурсгалын зүйлс гардуулж байгаа нь

Семинарт оролцогчид энэхүү эндаументийн загвар бол МУИС-ийн хэмжээнд төдийгүй, манай орны дээд боловсролын системд үлгэр жишээ болохуйц хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд, цаашид үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлж болох тухай санал дэвшүүлэв. Уг семинарт Trust for Mutual Understanding байгууллагын хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Алина Энггист оролцож, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ. Семинарт тухайн үед МУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан профессор Р.Самъяа, профессор Х. Тэрбиш, АНУ-ын Азийн сангийн Ногоон хөгжлийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Ариунаа болон бусад багш нар, хандивын сангийн тэтгэлгээр суралцаж байсан болон суралцаж байгаа оюутнууд оролцлоо.

Семинарт оролцогсод