Нүүр / Онцлох мэдээ, Эхлэл / МУИС-ШУТИС-ХААИС хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

МУИС-ШУТИС-ХААИС хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Share Button

Монгол улсад усны менежментийн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн сургалт,  судалгаа явуулах зорилгоор 6-р сарын 15-ны өдөр МУИС, ШУТИС, ХААИС-ийн удирдлагууд  хамтран ажиллах санамж  бичигт гарын үсэг зурлаа. Голландын засгийн газрын санхүүжилтээр БОАЖЯ-ны Усны газарт хэрэгжиж байгаа ”Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дээрх гурван сургуулийн эрдэмтэн багш нар   усны менежементийн магистрын хөтөлбөрийг  хамтран боловсруулсан нь  энэ өдөр албан ёсоор баталгаажлаа.

 Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн UNESCO-гийн Усны боловсролын институтын дэд профессор, төслийн зөвлөх Вим Доувен-тэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-         Төслийн гол зорилго юу вэ?

-         Нэг гол зорилго нь монгол оронд усны салбарын чадавхийг бэхжүүлэх юм. Бас энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр МУ-ын засгийн газарт усны үндэсний төлөвлөгөөгөө оновчтой боловсруулахад нь тусалж буй хэрэг юм. Анх Голландын засгийн газарт Монгол улсын засгийн газраас санал тавьснаар төсөл хэрэгжиж эхэлсэн.

-         Өнөөдөр их сургуулиудын ахисан төвшний сургалтанд усны менежментийн  мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр шинээр бий болж байгаа нь төслийн үр дүн гарч эхэллээ гэж ойлгож болох уу? 

-         Тийм ээ. Монголын томоохон гурван их сургуулийн ректорууд цуглан, санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь онцгой чухал ач холбогдолтой. Усны менежментийг сайн хийхийн тулд устай холбоотой өөр өөр салбарын мэргэжилтнүүд хамтарч ажиллах ёстой. Энэ хүрээний ажлын нэг хэсэг нь их сургуулиудын хамтарсан усны менежментийн магистрын хөтөлбөр юм. Сургуулиуд энэ чиглэлд санал нэгдэж байгаа нь гол үр дүн.

-          Усны нөөцийн менежментийг  хэрэгжүүлэхэд юу анхаарах ёстой вэ?

-         Ус бол хүний амьдрал юм. Ус оролцохгүй нэг ч салбар гэж байхгүй. Тиймээс нийгэм, эдийн засаг, байгаль орчны бүх салбар усыг  зүй зохистой ашиглах тал дээр нягт уялдаа холбоотой ажиллах нь чухал. Түүнчлэн төр засгийн энэ чиглэлийг хариуцдаг агентлагууд харилцан ойлголцож, нэг бодлого чиглэлийг барих ёстой.

-         Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад бэрхшээлтэй зүйл гарч байна уу?

-         Усны асуудлыг Монгол улсад  нэг биш олон  яам,  газар хариуцаж, тэдгээр нь хоорондын ажлын уялдаа холбоо сул байдаг нь нэг бэрхшээл. Мөн Монголын эдийн засаг эрчимтэй хөгжихийн хамт байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл маш хурдацтай ихэсч үүнтэй холбоотойгоор усны нөөцөд аюул учирч байна. Энэ бас хүндрэл юм.

 Мөн үеэр ”Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн Их сургуулиудын багийн зохицуулагч, МУИС-ийн багш Н.Сонинхишигээс магистрын хамтарсан хөтөлбөрийнх нь талаар мэдээлэл авлаа.

 -         Таны ахалсан баг өнөөдөр хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бэлэн болсонд баяр хүргэе? Сургууль дундын магистрын хөтөлбөр манайд анх удаа хэрэгжих гэж байна уу?

-         Яагаад өнөөдөр санамж бичиг зурах болсон бэ гэвэл манайд сургууль дундын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн туршлага бага байдаг. Хөтөлбөрийг боловсруулан цаашид амжилттай хэрэгжүүлэх, чанартай байлгахад их сургуулиудын удирдлагын түвшинд хүлээн зөвшөөрч, албан ёсны баримт бичиг болж байгаагаараа ач холбогдолтой юм. Өмнө нь аль нэг сургуульд тодорхой мэргэжлээр нарийн мэргэшиж ирсэн бол өнөөдөр нөхөн сэргээлтийн, хот зохион байгуулалтын, газар зохион байгуулалтын, усны менежмент гэх мэтчилэн  салбар дундын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нийгэмд маш өндөр болсон байна. Нөгөө талаас  БОАЖЯ-наас БСШУЯ-нд усны менежментийн хөтөлбөр нээж өгнө үү гэсэн албан хүсэлт тавьсан юм билээ. Энэ нь  нь манай хөтөлбөр амжилттай хэрэгжих бас нэг таатай нөхцөл бүрдэж байна.

-          Бэлтгэл ажил хэр хангагдсан бол?

-          Гадны туршлагаас харахад салбар дундын мэргэжилтнүүдээ магистрын төвшинд бэлддэг юм байна. Хөтөлбөр эхлүүлэхээс өмнө 2009-2010 оны хичээлийн жилд бакалаврын 1, магистрын 2 багц цагтай хичээлүүдийг заавал судлах болон сонгон суралцах хэлбэрээр гурван сургуулийн багш нар хамтран туршилт хэлбэрээр зааж эхэлсэн. Мөн сургууль бүрт 12800 еврогийн өртөгтэй багаж тоног төхөөрөмж, сурах бичиг, програм хангамжийг төслийн санхүүжилтээр олгосон. Түүнчлэн боловсон хүчнээ чадавхжуулах зорилгоор  усны нэгдсэн менежментийн  гадна дотны сургалт семинарит багш нараа байнга хамруулсаар ирсэн. Тун удахгүй энэ чиглэлээр МУИС болон ШУТИС-ийн тус бүр 1 залуу багш гадаадад тэтгэлэгтэй суралцах гэж байна.

 -         Хөтөлбөрийг сонгосон  магистрант гурван сургуульд хичээллэнэ гэсэн үг үү?

-         Мэргэшүүлэхдээ өөр өөрийн чиглэлээрээ бэлтгээд явчихна. Тухайлбал,  МУИС-д хүрээлэн байгаа орчны усны менежмент, ШУТИС-д хот болон үйлдвэрийн газрын усны менежмент, ХААИС-д  газар тариалан ба бэлчээр хавсарсан хөдөө аж ахуйн усны менежментийн чиглэлээр мэргэшүүлэх хичээл орно. Тухайн оюутан аль чиглэлд мэргэшихээс хамаарч хичээлээ сонгоно. Гэхдээ усны менежментийн магистрант хүн бол дээрх гурван чиглэлийнн аль алиных нь мэдлэг дадлага,  ур чадварыг эзэмшиж төгсөх давуу талтай. Сургууль дундын хөтөлбөр ирэх 9 сараас  анхны элсэлтээ авахад бэлэн болоод байна.

-         Амжилт хүсье.

 



Tags:

Copyright © 2009 МУИС. All rights reserved.