Бидний мэдэх хийгээд эс мэдэх хятад орны тухай
МУИС-ийн ГХСС-ийн багш, Күнзийн институтын монгол талын захирал, Доктор М.Чимидцэеэгийн “Бидний мэдэх хийгээд эс мэдэх хятад орон: Сэтгэлгээ, соёл” номын нээлийн ёслол өчигдөр боллоо. Мэнэрэлийн Чимидцэеэ нь өмнө  Күнзийн  “Шүүмжлэл өгүүлэл, “Их суртахуй”,  “Сүнзийн дайтахуйн ухаан” зэрэг эртний хятадын гүн ухаан сэтгэлгээний сонгодог бүтээлүүдийг орчуулан хэвлүүлж,  хятад судлалаар дагнан судалгаа хийж 2011 онд Күнзийн институтын “Дэлхийн шилдэг хүн” шагналыг хүртэж байсан билээ.  Харин энэхүү бүтээлээ МУИС-ийн 70 жилийн ой, Күнзийн институтын 5 жилийн ойд зориулан бэлэг болгож байгаа юм байна.  Түүний номын тухай хүрэлцэн ирсэн зочид дорно, өрнийн сэтгэлгээний онцлог, ялангуяа хятадын соёл, ёс суртал, утга зохиол гүн ухааны болоод зан заншил, аж амьдралын олон талыг “тайлж өгүүлсэн” нэн сонирхолтой, уншууртай бүтээл болжээ хэмээн үнэлж байсан юм. Шинэхэн номын нээлтэнд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн доктор профессор Ц.Базаррагчаа, МУ-ын гавьаят багш доктор профессор Э.Равдан, МУ-ын гавьяат багш доктор профессор Ж.Баянсан, МУ-ын СГЗ зохиолч доктор Г.Мэнд-Ооёо, МУ-ын хүний гавьяат эмч, зохиолч орчуулагч М.Шагдарсүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх ноён Вэй Хуншэн, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чан Ванлун, Синьхуа агентлагийн Монгол Улсад суугаа сурвалжлагчдын товчооны дарга Ши Юньчүн,  доктор Ж.Баясан, доктор Я.Ганбаатар, МУИС-ийн ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу, НШУС-ийн захирал Г.Эрдэнэбаяр, Өдрийн сонины сэтгүүлч, зохиолч Н.Гантулга болон ГХСС-ийн эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж, номын дээжээс хүртэн санал сэтгэгдлээ солилцон ярилцаж, зохиолчдоо цаашдын багшлах болоод эрдэм судалгааны хос морьтой ажлынх нь ганзага дүүрэн байхыг ерөөлөө.        цааш унших →
“МАТЕМАТИКИЙН ЗӨВЛӨМЖ” ном хэвлэгдэн гарлаа
МУИС-ийн “Байгаль-эх лицей” ахлах сургуульд элсэгчдэд зориулсан “МАТЕМАТИКИЙН ЗӨВЛӨМЖ” ном хэвлэгдэн гарлаа. Утас: 350537, 350535, 88001664  цааш унших →
Болгарын Софигийн их сургуультай гэрээгээ сунгалаа
Өнөөдөр МУИС, Болгарын Софигийн их сургуулийн удирдлагууд хамтын ажиллагааны гэрээгээ сунгаж гарын үсэг зурлаа. Анх 1982 онд гэрээ байгуулан хамтран ажиллаж багш, оюутны солилцоо хийж ирсэн түүхэн харилцаатай бөгөөд 2004 онд мөн гэрээгээ шинэчлэн байгуулж байсан юм. Софигийн их сургууль бол Болгарын номер нэгт ордог нэр хүнд бүхий шилдэг сургууль билээ. Энэ удаагийн гэрээнд Монгол судлал, түүх, соёлын чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахын зэрэгцээ хамтарсан судалгаа хийх, талуудын сонирхсон салбарт оюутан, багш, судлаач солилцох, хурал, семинар зохион байгуулах, тэтгэлэгээр оюутан сургах тал дээр Европын холбооны санхүүжилттэй Эрусмус Мундус хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцлоо. Мөн Улаанбаатар дахь Болгарын Элчин сайдын яам татан буугдаж байгаатай холбогдуулан тус ЭСЯ-ны номын сангийн номуудыг МУИС-д бэлэглэсэн юм. Үүнтэй холбогдуулан гэрээнд гарын үсэг зурах үеэр Болгар улсаас МУ-д суугаа элчин сайдад МУИС-ийн зүгээс талархлын бичиг гардуулан өглөө.  цааш унших →
 Инновацийн тухай хуулийг батлав
УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Инновацийн тухай хууль“-ийг баталлаа.    цааш унших →
МТС-д шагналын хур буулаа
МУИС-ийн МТС-ийн 10 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал өнгөрсөн баасан гарагт “Тусгаар тогтнолын ордон”-ны их танхимд болсон юм. Баярын үеэр Мэдээллийн Технологийн Сургуулийг анх үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж,сургуулийн түүхэн хөгжлийг бий болгосон гавьяаг нь үнэлэн Проф. Э.Дамдинсүрэн, Проф. С.Лодойсамба, Проф. Ж.Пүрэв, Проф. Ж.Нямжав, Д-р. З.Болд, Д-р. Д.Бямбажав, сургалтын инженер С.Нэрэндолгор, ОБДТ-ийн эрхлэгч Р.Алтансүх нарыг шагнаж урамшуулан, Электроникийн тэнхимийн профессор С.Лодойсамбыг “МУИС-ийн хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичлээ. Мөн МШХХТГ-ын шагнал: Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч Проф. Ж.Пүрэв, Холбооны технологийн тэнхимийн эрхлэгч Проф. Ж.Нямжав, Холбооны технологийн тэнхимийн багш Проф. З.Болд, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Проф. Д.Болормааг МШХХТГ-ын “Холбоо, мэдээллийн технологийн салбарын  тэргүүний ажилтан” цол тэмдгээр Монголын залуучуудын холбооны шагнал: -          Сургалтын албаны диспетчер Г.Уранчимэг, Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн багш Б.Батням нарыг “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар -          Сургалтын албаны эрхлэгч Ж.Үйтүмэн, Холбооны технологийн тэнхимийн багш  Д-р. Ш.Содбилэг нарыг “Тэргүүний залуу” алтан медалиар -          Компьютер, мэдээллийн технологийн тэнхимийн багш Д-р. Б.Сувдаа, А.Баатарбилэг нарыг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар МУИС-ийн шагнал: -          Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн багш                                   Д-р. С.Шаарийбуу, Электроникийн тэнхимийн эрхлэгч Д-р. Б.Ганбат, Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн багш Д-р. Ч.Алтангэрэл, Г.Амарсанаа, Д-р. Н.Оюун-Эрдэнэ нарыг “МУИС-ийн хүндэт жуух”-аар -          Электроникийн тэнхимийн багш Ж.Баттогтох, С.Отгонцэцэг, Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн багш Б.Наранчимэг нарыг “МУИС-ийн баярын бичиг”-ээр МТС-ийн шагнал: -          Холбооны технологийн тэнхимийн сургалтын инженер Ж.Анхзаяа, компьютер хэл шинжлэлийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан М.Энхжаргал нарыг “МТС-ийн сайшаалын үнэмлэх”-ээр -          Холбооны технологийн тэнхимийн багш Н.Угтахбаяр, Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн багш П.Гантуяа, сургалтын инженер К.Есенбек, электроникийн тэнхимийн сургалтын инженер О.Цэнд-Аюуш нарыг “МТС-ийн баярын бичиг”-ээр тус тус шагнасан юм. Арван жилийн ойгоо тэмдэглэж буй тус сургуулийн баяр дээр баяр нэмж Мэдээллийн Технологийн үндэсний паркийн хамт олон, ШУТИС-ийн МХТС-иас, Цахим Өртөө дээд сургуулийн захирал Буянцогтоо, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Хашчулуун болон МУИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн 13 сургуулиас баярын мэндчилгээ, дурсгалын бэлэг гардуулан өгч, оюутан залуусын дуу хуураар баярын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.  цааш унших →
Дараагийн Нобелийн шагналтан 9 сард ирнэ
МУИС-ийн захирал С.Төмөр-Очир энэ сарын 17-22-ны өдрүүдэд Тайваньд айлчлаад ирлээ.  Айлчлалын үеэр Химийн салбарын Нобелийн шагналт доктор, профессор Yuan Tseh Lee-д Монголд ирж лекц уншихыг урьсан юм. Тэрээр урилгыг дуртайяа хүлээн авч 2012 оны 9-р сарын 11-15-ны өдрүүдэд МУИС-д айлчилж Химийн салбарын багш, оюутнууд болон сонирхогч олон нийтэд зориулан лекц уншихаар боллоо. Мөн айлчлалын үеэр Тайваний Ордон музейн захирал Kung-shin Chou-тай уулзаж, тус музейд хадгалагдаж байгаа Монгол бичиг дээрх Монголын түүхтэй холбогдолтой баримт бичгүүдийг судалгаанд хэрэглэж эргэлтэнд оруулахаар тохиролцож, эхний ээлжинд МУИС-иас 2 хүнийг тодорхой хугацаагаар Ордон музейд ямар баримт материалууд хадгалагдаж байгааг тогтоолгох, судлах, мөн ямар баримт бичгүүдийг Монгол хэл рүү хөрвүүлж болох талаар судалгаа хийлгэхээр боллоо. Түүний дараа сонгосон баримтуудыг Англи, Орос, Хятад, Герман, Франц хэл рүү орчуулах төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. Тайваний Үндэсний Номын сангийн захирал Shu-hsien Tseng-тай уулзаж мөн тус номын санд байгаа баримт бичгүүдийг судлуулахаар номын сангийн зардлаар МУИС-ийн багш, профессоруудыг тодорхой хугацаагаар явуулахаар болсон юм. Мөн Тайваний Боловсролын дэд сайд Лин Цон Минтэй уулзаж 2 улсын хоорондын болон, МУИС, Тайваний их дээд сургуулиуд хоорондын боловсролын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Тайваний Үндэсний их сургууль, Мин Чуаны их сургуулийн захирлуудтай уулзаж, Тайваний Үндэсний сургуулийн захирлыг МУИС-ийн 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урьсан бөгөөд урилгыг баяртайгаар хүлээн авч хүрэлцэн ирэхээ илэрхийлсэн юм.      цааш унших →
Хангук гадаад судлалын их сургуулийн ерөнхийлөгч айлчиллаа
МУИС-ийн захирал профессор С.Төмөр-Очирын урилгаар энэ сарын 22-26 нд БНСУ-ын Хангук Гадаад Судлалын Их Сургуулийн Ерөнхийлөгч Парк Чүл МУИС-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд дотоод ажлын албаны дарга, профессор Тае-Еоб Жанг, монгол хэлний тэнхимийн эрхлэгч, профессор Д.Отгонцэцэг, хатагтай Парк Чүл нар багтжээ. 1954 онд байгуулагдсан гадаад судлалаар улсдаа тэргүүлэх зэргийн энэ их сургууль Сөүл, Ёнгин, Сонгдо зэрэг гурван кампусд, 10 коллеж, 42 тэнхим, 8 эрдмийн сургууль, 3 төв, 27 хүрээлэн, 620 багш, 200 орчим гадаадын мэргэжилтэн багштайгаар 24 мянга шахам баклаварын, 4000 шахам мастер, докторын,  1000 гаруй гадаадын оюутанд  дэлхийн 45 орны хэл соёл зааж, даяаршлын зууны Солонгосын болон гадаад орнуудын дипломат, гадаад харилцааны ажилтан нарыг бэлтгэдэг томоохон их сургууль болоод байна. Дэлхийн 76 орны 400 шахам их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд төгсөгчдийн тоо нь 100 мянга хол давжээ. Тус их сургууль англи хэл, өрнөдийн болон дорны хэлнүүд, хятад хэл, япон хэл, нийгмийн ухаан, бизнес эдийн засаг, бизнесийн удирдлага, боловсрол судлал, олон улсын харилцаа, хүмүүнлиг, аман ба бичгийн орчуулга, төв ба зүүн европ судлал, хэл утга зохиол судлал, эдийн засаг бизнес, байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, олон улсын спорт, чөлөөт цаг зэрэг чиглэлээр сургалт явуулдаг байна. Ерөнхийлөгч Парк Чүл 2006 онд 8 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон бол 2010 оны 3 дугаар сараас 9 дэх ерөнхийлөгчөөр дахин сонгогдож тус их сургуулийг 2016 хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг батлаж Солонгосын топ глобаль их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа юм байгаа бөгөөд тус их сургууль 2011 оны Азийн Их сургуулиудын зэрэглэлээр Солонгосдоо 1-р байр, Азид 11 дүгээр байранд ордог байна. Тэрбээр гадаад орны хэл соёлын судалгааг өргөжүүлэх, нэмэгдүүлэх зорилтын хүрээнд одоогоос 4 жилийн өмнө тус их сургуульд Монгол хэлний тэнхимийг санаачлан байгуулсан нь БНСУ-д монгол судлалын салбар байгуулсан хоёр дахь их сургууль болсон бөгөөд    ирэх жил анхны төгсөлтөө хийх гэж байна. Энэ их сургуулийн өөр нэг онцлог бол монгол судлалын салбараа монгол эрдэмтнээр удирдуулдаг бөгөөд МУИС, Сөүлийн Их Сургуулийн төгсөгч д-р профессор Дамдинсүрэнгийн Отгонцэцэг сүүлийн гурван жил тус салбарыг удирдаж байна. МУИС-тай 2007 онд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж энэ хүрээнд багш оюутны солилцоог хөгжүүлж олон арван оюутан ялангуяа солонгос хэл соёлын чиглэлээр суралцсан бол МУИС-ийн эрдэмтэн багш нараас тус сургуульд уригдан ажиллаж байна. Одоо тус их сургуульд МХСС-ийн багш д-р Г.Галбаяр, Ц.Сувд нар урилгын профессороор ажиллаж буй. Ерөнхийлөгч Парк Чүлийн айлчлалын явцад тэрбээр захирал С.Төмөр-Очир, МХСС, ГХСС, Монгол судлалын хүрээлэнгийн удирдлага, эрдэмтэн багш нартай уулзаж, сургуулийн орчин, нөхцөл байдалтай танилцаж цаашид монгол судлалын салбараа өргөтгөх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, мастер докторын сургалт нээхэд туслалцаа авах, солонгос хэл соёлын сургалтын нөхцөл байдлыг сайжруулахад дэмжин туслалцах чиглэлээр ярилцлаа. Айлчлалын явцад ерөнхийлөгч Парк Чүл Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, их сургуулиудын хамтын ажиллагаа, монгол судлалыг хөгжүүлэх талаар мөн санал солилцов.  цааш унших →
Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
МУИС-ийн захирал профессор C.Төмөр-Очир энэ сарын 25-нд Францын дорно дахины хэл иргэншлийн үндэсний дээд сургуулийн захирал профессор, монголч эрдэмтэн Жак Легрантай хоёр их сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Өнгөрсөн оны 5 дугаар сард С.Төмөр-Очир тэргүүтэй төлөөлөгчид Европын холбооны улсуудын их дээд сургуулиар ажлын айлчлал хийх явцад тус сургуультай хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулах санал тавьсан билээ. Олон улсын хэмжээнд ИНАЛКО хэмээх нэрээрээ алдаршсан тус дээд сургуулийг анх Колбэрт гэдэг хүн 1669 онд  залуучуудын хэлний сургууль нэрээр байгуулсан бөгөөд 1795 онд дорно дахины хэлний тусгай сургууль, 1795-1824 онд анхны ерөнхийлөгчийн нэрэмжит сургууль байгаад хэд хэдэн удаа нэрээ сольсоор 1971 оноос дорно дахины хэл иргэншлийн дээд сургууль нэртэй болжээ. Энэхүү дээд сургууль нь үндэсний хэмжээнд европ, азийн 93 хэл, соёл заахаас гадна газарзүй, түүх, улс төр, эдийн засаг, нийгмийн  нөхцөл байдлын судлагаа хийдэг нэр хүндтэй томоохон их сургууль юм. Өөр нэг онцлог бол энэ их сургууль Францын монгол судлалын нэг гол төв бөгөөд МУИС-ийн үе үеийн эрдэмтэн багш нар энд ажиллаж, францын залуу монгол судлаачдыг бэлтгэхэд гар бие оролцож ирсэн арвин туршлагатай. Мөн тус сургуулийн монгол судлаачид олон арван алдартай бүтээлүүдийг туурвиж, сургалт судалгааны ажлыг тасралтгүй явуулж ирлээ. Тус сургууль МУИС-тай хоёр дахь удаагаа хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа бөгөөд эхний гэрээг 1996 онд Парис хотноо байгуулж тухайн үеийн Монгол Улсын элчин сайд Х.Бэхбат, тус их сургуулийн дарга Андрэ Буржэй нар гарын үсэг зурж байсан бол энэ удаагийнхийг тус их сургуулийн захиралууд МУИС дээр албан ёсоор хүрэлцэн ирж гэрээнд гарын үсэг зурж цаашдын хамтын ажиллагааг шинэ нөхцөл байдалд эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Энэхүү гэрээ нь 5 жилийн хугацаатай бөгөөд гагц хоёр талын монгол судлалын чиглэлийн хамтын ажиллагаа биш дорно дахины хэл соёлын судлагаа, түүнээс гадна франц хэл соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог боллоо. Үүнд монгол франц хэл заах арга, монгол судлалын чиглэлээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан солилцох, тэдгээрийн кредит үнэлгээг харилцан хүлээн зөвшөөрөх, ази дорно дахины чиглэл, гадаад хэл заах аргын асуудлаар эрдэм шинжилгээний хурал, симпизиум, семинар, форум хамтран зохион байгуулах, оролцох, зэрэг олон асуудал тусгагдлаа. Гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн дэд захирал д-р А.Галтбаяр, Монгол хэл, соёлын сургуулийн захирал профессор Ж.Баянсан, Монгол судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал д-р Ж.Бат-Ирээдүй, ГХСС-ийн Франц хэлний тэнхимийн эрхлэгч д-р Б.Алтангүл нар болон албаны бусад хүмүүс байлцлаа.  цааш унших →
ЯПОНЫ МОНГОЛ СУДЛАЛЫН ТОКИОГИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
Японы Монгол судлалын холбоо (ЯМСХ) бол Японы монголч эрдэмтэдийг эгнээндээ нэгтгэдэг, байнгын идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага билээ. Тус холбооноос жилд хоёр удаа монгол судлалын хаврын ба намрын монгол судлалын бага хурлыг зохион байгуулдаг тогтсон уламжлалтай бөгөөд хаврын хуралдааныг Токио орчимд, намрын хуралдааны Осака орчимд зохион байгуулдаг юм. Энэ удаагийн хаврын бага хурал Токио хотноо Шёова эмэгтэйчүүдийн их сургуульд боллоо. Шёова эмэгтэйчүүдийн их сургуульд монгол хэл шинжллэл судлаач профессор Хөхбаатар олон арван жил ажиллаж байгаа бөгөөд тэрбээр уг хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа. Уг хуралдааныг Чингис хааны мэндэлсний 850 жил, Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан бөгөөд хурлыг тус холбооны ерөнхийлөгч, монголч эрдэмтэн, профессор Масарү Хашимото нээж мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Дараа нь тус холбооны нарийн бичгийн дарга Осакагийн Их Сургуулийн профессор Ш.Шиотани өнгөрсөн оны санхүүгийн тайлан тавьж танилцууллаа. Тус холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгчид өөрсдийн ажилладаг их сургуульд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг энэ бага хурал өөрийн гэсэн дэг жаяг, үйл ажиллагааны бодлого чиглэлтэй билээ. Үүнд тус бага хуралд монгол судлалын залуу, дунд, ахмад үеийн эрдэмтэдийг оролцуулах, тэдний хамгийн шинэхэн судалгааг сонсохыг хүсдэг бол мөн монгол судлалын салбар бүрийг хамаарахыг хичээж,  гадаадын монголч эрдэмтэн, судлаачдаас оролцуулах сонирхолтой байдаг юм. Энэ удаагийн хуралд Токиогийн олон улсын их сургуулийн профессор С.Курибаяаши “Монголын эдийн засгийн өсөлтөд дүн шинжилгээ хийх нь”, Ямагата их сургуулийн дэд профессор Т.Накамүрэ “Монголын нүүдлийн соёл иргэншил дэх жижиг нэгдэл хамтралын тухай – Хөлөн буйр аймгийн жишээн дээр”, Ямагата их сургуулийн дэд профессор Армус “Манжийн үеийн Монгол дахь ус ашиглах эрхийн тухайд – Түмэд хошууны жишээгээр”, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн судлаач Т.Мизүтани “Мэлсээгийн дэвшүүлсэн монголчуудад боловсролд олгох санаа бүтэлгүйтсэн нь”, Өвөр Монголын их сургуулийн дэд профессор Намьяа “Өвөр Монголын уран зохиолд дүрслэгдсэн соёлын хувьсгал – үгүүллэгийн жишээгээр” зэрэг илтгэл хэлэлцүүлэв. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс тус их сургуулийн монгол судлаач эрдэмтдийг гадаад орнуудад болдог монгол судлалын чиглэлийн эрдэм шинжилгээний хурал, симпиозум, семинар, зөвлөгөөнд оролцуулахыг дэмжиж, туслах, танилцуулах бодлого барьж байгаа бөгөөд энэ удаагийн Токиогийн бага хуралд тус их сургуулийн түүхийн тэнхимийн багш д-р дэд профессор С.Отгонжаргал оролцож, “Японы монголч эрдэмтдийн дэвшүүлж буй шинэ шинэлэг санаа ХХ зууны Монголын түүхийн зангилаа асуудалд” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн. Тус бага хуралд японы монголч эрдэмтэдээс гадна Япон улсад түр хугацаагаар ажиллаж байгаа монголын болон гадаадын монгол судлаач эрдэмтэд  О.Батсайхан (Япон сангийн зочин профессор), Ч.Дашдаваа (Тохокугийн Их Сургуулийн зочин профессор), С.Чулуун (Осакагийн Угсаатны зүйн музейн зочин профессор), Д.Заяабаатар (Осакагийн Их Сургуулийн зочин профессор), Т.Мөнхцэцэг (Токиогийн Гадаад судлалын их сургуулийн зочин профессор), Чойралжав (Өвөр Монгол), Мэнг Сонг-Лин (Солонгос), Ольга А Шагланова (ОХУ, Япон сангийн зочин судлаач), Д.Хишигжаргал (Нихонмацүгийн сургалтын төв), Х.Дэлгэрмаа (Японы гадаад харилцааны яамны хэлний институт) Ж.Бат-Ирээдүй (МУИС) нарын зэрэг олон эрдэмтэн судлаач, багш нар оролцлоо. Японы Монгол Судлалын Холбооны ирэх намрын хуралдаан 11 дүгээр сарын 17 ны хагас сайн өдөр Шикокү арлын Эхимэ Их Сургуульд болох бөгөөд манай эрдэмтэн судлаачид энэ хуралд сонирхолтой илтгэлийн нэр дэвшүүлж, оролцох саналаа Монгол Судлалын Хүрээлэнгээр дамжуулан хүргэж  болохыг энэ дашрамд мэдэгдэж байна.  цааш унших →
 ЯПОНЫ ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
МУИС-ийн ХХИС, ГГС, МКС-ийн захирал доктор Б.Очирхуяг, В.Батцэнгэл, Л.Алтангэрэл нар энэ сарын 14-21-ны хооронд Япон улсын Токио Хотын Их Сургууль, Ёкохамагийн Үндэсний Их Сургуулиудад тус тус ажиллаад ирлээ. Ажлын айлчлалын дүнд Токио Хотын Их Сургуулийн ректор професор Fumio Harashima, Шинжлэх ухаан, инженерийн төгсөлтийн дараах сургуулийн декан, профессор Yutake Okabe, Хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны судалгааны төгсөлтийн дараах сургуулийн декан, профессор Yoshio Sugiura нартай уулзан ажил хэргийн яриа өрнүүлэв. Айлчлалын хүрээнд ХХИС-ийн захирал Б.Очирхуяг, ГГС-ийн захирал В.Батцэнгэл, Токио Хотын Их Сургуулийн Хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны судалгааны төгсөлтийн дараах сургуулийн декан, профессор Yoshio Sugiura нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд газарзүй, хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны судалгаа, хэрэглээний хими, аялал жуулчлалын чиглэлээр багш оюутны солилцоо явуулах, ахисан түвшний сургалтанд оюутан сургах, сургалт судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн МКС нь тус сургуулийн Шинжлэх ухаан, инженерийн төгсөлтийн дараах сургуультай хамтран математикийн чиглэлээр ахисан түвшний сургалтанд оюутан сургах, багш судлаачдыг мэргэжил дээшлүүлэх тал дээр хамтран ажиллахаар тогтлоо. Цаашид бүрэлдэхүүн сургуулиудын хооронд байгуулагдсан гэрээг өргөжүүлэн Токио Хотын Их Сургууль болон Монгол Улсын Их Сургууль хоорондын гэрээг байгуулж байгаль, нийгэм ухааны чиглэлээр хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх тал дээр санал нэгдлээ. ХХИС нь Ёкохамагийн Үндэсний Их Сургуулийн Инженерийн факультеттай 2007 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулж нано технологи, симуляци тооцооллын чиглэлээр хамтарсан судалгаа явуулан дундын судалгааны лаборатори байгуулах, докторын түвшний сэндвич программын сургалт явуулах, магистр, докторт оюутан сургах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаагийн айлчлалаар хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн  ХХИС-ийн захирал Б.Очирхуяг, Ёкохамагийн Үндэсний Их Сургуулийн Инженерийн факультетийн декан, профессор Osamu Ishihara нар хамтын ажиллагааны гэрээг сунган үзэглэв. Уг гэрээгээр хоёр талын хамтын ажиллагааны олон асуудлыг харилцан тохирсны дотор хамтарсан судалгааны чиглэлийг өргөтгөн материал судлал, биохими, хүрээлэн буй орчны судалгаа, тооцооллын чиглэлээр хими, математик, биологи, газарзүйн чиглэлээр салбар дундын хамтарсан судалгааг хэрэгжүүлэхээр тогтов.    цааш унших →
Copyright © 2009 МУИС. All rights reserved.