Цахим өртөө-Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит Монгол туургатан оюутны тэтгэлэг 2019-2024 /II ээлж/-ийн ялагчид

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Цахим Өртөө Холбооноос “Цахим Өртөө Сүлжээ”-ний 20 жилийн ойг тохиолдуулан зарласан Цахим Өртөө – Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит Монгол туургатан оюутны тэтгэлэг 2019-2024 хөтөлбөрт ялсан залуусын нэрсийг зарлахдаа таатай байна. 

Тэтгэлэгт хөтөлбөрт:

  • АМЕЕВА Ногала (ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын харьяат халимаг);
  • Батын БАРС (БНХАУ-ын Хөхнуур мужийн харьяат дээд монгол); нар шалгарлаа.

2019-2024 оны эрдмийн жилд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчдыг тодруулахдаа сүүлийн шатанд шалгарсан 4 шилдэг сурагчдаас хичээл сурлага, нийгмийн тусч хөдөлмөрийн үйлст хэр өндөр амжилт үзүүлсэн болоод цаашид их дээд сургуульд хэр үр дүнтэй суралцах оюуны чадамж, манлайлагч байх чадварыг харгалзан үзэж, утсаар ярилцлага хийсний дүнд шүүгчдийн саналаар шигшин сонгосон билээ.

Тэтгэлгийн сан нь тус бүр 100 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнгээс бүрдэнэ. Үүнд 5 жилийн сургалтын төлбөр (5 жилд ойролцоогоор нийт 14,000 ам.доллар), оюутны дотуур байр (жил бүр 1,700 ам.доллар), стипенд (сар бүр 500,000 төгрөг), номын төлбөр, оюутны амьдарч буй орноос Монгол улсад ирэх болон буцах нэг удаагийн замын зардал багтаж буй болно. Хичээлийн жилийн төгсгөлд тэтгэлэгт оюутан нь тухайн жилд тус тэтгэлгийг авснаар ямар амжилт гаргасан тухай тайлан бичиж, хамтран ажилласан, хандив өгсөн байгууллага, хувь хүмүүст танилцуулах болзол хүлээнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

  • Ирээдүйд өөрийн улс орны удирдагчид, манлайлагчид болох хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч монгол туургатан залуусыг Монгол Улсад суралцуулах;
  • Тэтгэлэгт шалгарсан залуусыг орчин үеийн Монгол улсын нийгэм, соёл, үнэт зүйлстэй танилцах боломжийг олгох;
  • Халимаг, Дээд монгол, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршид тус тусын улс орны Монгол угсаат ард зоныг Монголын ард түмэнтэй харилцан холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;
  • Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн амжилт, хувь хүний хөгжлийг дэмжих;

Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөө – Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь Монгол, Дээд монгол, Халимагийн ард түмэн, засгийн газар, институтын харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулах юм. Тэтгэлэгт оюутнууд нь авьяаслаг, бие даах чадвартай, сонирхлын цар хүрээ өргөнтэй байх бөгөөд суралцах ахуйдаа мэдлэг боловсролын болон хувь хүний хувьд хөгжих боломжоор хангагдах юм.

Монгол Улсын Их Сургуулийн болон Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний нэрийн өмнөөс Цахим Өртөө-МУИС-ийн нэрэмжит Монгол туургатан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт ялсан Амеева Ногала, Батын Барс нарт халуун баяр хүргэе!

Оюутны тэтгэлгийн комисс

Монгол Улсын Их Сургууль I Цахим Өртөө Холбоо ТББ