МУИС-ийн 77 дахь хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Share Button

МУИС-ийн 77 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд МУИС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, УИХ-ын дарга Г.Занданшатар, МУИС-ийн УЗ-ийн дарга С.Цэдэндамба, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.

77 дахь хичээлийн шинэ жилийг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Манай сургуульд энэ хичээлийн жилд 2259 оюутан шинээр элссэн бөгөөд тэдгээрээс 492 нь гадаадын 19 орноос иржээ. Ирээдүйд XXI зууны хөгжлийн хурдны их ачаалал, аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэгдсэн аль ч улс орон, бүс нутагт хөрвөж ажиллах чадвартай хүний нөөцийг бэлтгэн гаргахыг цаг үе уриалан дуудаж байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд судалгаанд суурилсан их сургуулийг дэмжих үндэсний хөтөлбөр баталсны дагуу Монголын их сургуулиудын менежмент, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, багшлах хүний нөөц, хөтөлбөр, сургалт, судалгааны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах гэж буйд талархалтай байна. Дэлхийн нийтийн чиг хандлага салж жижгэрэх бус, нэгдэн нийлэх чиглэл рүү явж байгаа билээ. Шинэ хичээлийн жил МУИС-ийн хувьд судалгаа, сургалтдаа амжилт гаргасан, Ахисан түвшний сургуулиа байгуулсан жил болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.  

УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Монголын ирээдүй бол оюутан, залуус. Та нар дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй. Орчин цагт дэлхий даяар дипломыг бус хувь хүний авьяас, чанарыг илүүд үзэж байна. Тиймээс хаана ч очсон чадвартай хүнд ажлын байр бий шүү. ИДС-иуд багшлахуйгаас суралцахуйг чухалчилж, хариуцлагатай, чадвартай, ёс зүйтэй буюу “зөөлөн ур чадвар”-тай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах учиртай. Мөн ИДС-иудыг нэгтгэн томруулах замаар дэлхийн хэмжээний их сургуультай болох, хиймэл оюун ухаан, инновацийн эринд олон оюутан элсүүлэхийг биш, судалгаа шинжилгээнд суурилсан тогтолцоо бүрдүүлэхийг эрмэлзэх ёстой.” гэв.

Түүнчлэн МУИС нь 2010 оноос эхлэн Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд  хэвлүүлсэн бүтээлээс хамгийн өндөр импакт фактортой сэтгүүлд хэвлүүлсэн чансаа өндөр эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулан МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал олгоод 10 дахь жилдээ золгож байна. 2019 оны МУИС-ийн Захирлын нэрэмжит “Шилдэг эрдэм шинжилгээний бүтээл”-ээр МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн профессор Базарцэрэнгийн Болдгивийн 36.2 импакт фактортай CELL сэтгүүлд хэвлүүлсэн “Tracking Five Millennia of Horse Management with Extensive Ancient Genome Time Series” өгүүлэл шалгарч цом, 3 сая төгрөгний шагналыг гардан авлаа.


МУИС-ийн Номын сан Монгол Улсын соёлын салбаруудаас анх удаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа. Энэ талаар МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэнгээс тодрууллаа.

-Соёлын салбарт анх удаа олон улсын ISO 9001,2015 стандартыг хэрэгжүүлж ажилласан. Ямар шаардлага хангасан байдаг талаар мэдээлэл өгнө үү?

-Манай номын сан үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор системтэй, оновчтой зохион байгуулалтаар ажиллах, нийгмийн даяаршил технологийн хөгжил, шинэчлэл, өөрчлөлтийн үйл явцтай холбоотойгоор хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг биелүүлэн, тэдний хүлээлтэд хүрч ажиллах зорилго тавьж ажилласан. Энэ хүрээнд номын сан, соёлын салбарт анх удаа энэхүү олон улсын стандартыг нэвтрүүлэн, ажиллаж байна.

Уг стандартын хүрээнд бид хэд хэдэн зорилт дэвшүүллээ. Үүнд:

  • Уншлага үйлчилгээний зай талбай, хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Сан хөмрөгийн баяжилтыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх
  • Хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг юм.

Зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн МУИС-ийн номын санд мөрдөгдөх нэн шаардлагатай 13 заавар, 11 зөвлөмж боловсруулсан. Үйл ажиллагааны 65 процессийн зураглал зурж хуулийн нийцэл, гүйцэтгэлийн тулгуур үзүүлэлт, KPI хэмжээст хүрэхийн тулд ямар эрсдэл учирч болох зэргийг бүгдийг урьдчилж тооцож нарийн гаргасны үндсэн дээр бүх зүйл маань төлөвлөгөөтэй, хугацаатай, хариуцах эзэнтэй маш нарийн системтэй зохицуулалттай болсон. Үүнээс гадна хэн юу хийх нь тодорхой, уншигч хэрэглэгчид номын сангийн үйлчилгээ авахад ямар нэгэн хүндрэл чирэгдэл гарахгүй болсон.

-Энэхүү стандарт хэрэгжүүлсэнээр ямар гарах үр дүн гарах вэ?

-Номын сангийн үйл ажиллагаа илүү системтэй зөв бүтцээр ажиллана. Мөн ажилтнуудын сэтгэл ханамж дээшилнэ, уншигчийн сэтгэл ханамж дээшилнэ. Гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах, хүний нөөцөө хөгжүүлэх боломжууд нэмэгдэг гэх мэт олон талын үр дүн, ач холбогдолтой.

-Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид цаашдаа МУИС-ийн номын санд RFID технологи нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ нь ном өгөх, авах механик ажлууд бүрэн автомат болохоос гадна хүний нөөцөө хөгжүүлэх, дэлхий нийтийн хөгжилтэй мөр зэрэгцэн очих маш олон давуу тал боломжууд бий болгом юм. Мөн МУИС-ийн номын сангийн дэргэдэх “Монгол улсын их, дээд сургуулийн номын сангийн консорциум”-аар дамжуулан монголын номын сангийн салбарт тэр тусмаа хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд томоохон ажлууд хийхээр төлөвлөж байна.

Түүнчлэн МУИС нээлтийн ёслолын үеэр багш, оюутнуудынхаа бүтээл үзэсгэлэн гаргасан юм. Энд МУИС-ийн багш нарын бичиж, туурвисан 700 гаруй ном, сурах бичиг байлаа. Үзэсгэлэнгийн зорилго нь шинээр элсэж буй нэгдүгээр курсийн оюутнуудад Ерөнхий эрдмийн ном, сурах бичгээ сурталчлан таниулах байв.

Бүтээлийн үзэсгэлэнтэй УИХ-ын дарга Г.Занданшатар танилцаж багш нарын судалгааны ажил, туршилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан бөгөөд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нано хиймэл дагуулын лабораторит бүтээж буй Монгол Улсын хоёрдахь хиймэл дагуул “Тэмүүлэл” төслийн багийнхантай ярилцаж хэсэг саатлаа. УИХ-ын дарга Г.Занданшатарт “Тэмүүлэл” төслийн дурсгалын зүйлийг гардуулсан юм.

 

Монгол Улсын Их Сургууль, Цахим Өртөө Холбооноос “Цахим Өртөө Сүлжээ”-ний 20 жилийн ойг тохиолдуулан зарласан Цахим Өртөө – Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит Монгол туургатан оюутны тэтгэлэг 2019-2024 хөтөлбөрт ялсан АМЕЕВА Ногала (ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын харьяат халимаг), Батын БАРС (БНХАУ-ын Хөхнуур мужийн харьяат дээд монгол) нарт батламж гардуулсан юм.

Тэтгэлгийн сан нь тус бүр 100 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнгээс бүрдэнэ. Үүнд 5 жилийн сургалтын төлбөр (5 жилд ойролцоогоор нийт 14,000 ам.доллар), оюутны дотуур байр (жил бүр 1,700 ам.доллар), стипенд (сар бүр 500,000 төгрөг), номын төлбөр, оюутны амьдарч буй орноос Монгол улсад ирэх болон буцах нэг удаагийн замын зардал багтаж буй болно.

Ийнхүү МУИС-д шинээр элсэн орсон оюутнууд “Оюутны тангараг” өргөж, ЭЕШ-д 800 оноо авч МУИС-д элсэн оролцсон оюутны төлөөлөл хичээлийн жилийн анхны хонхоо цохьсноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.