МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг шилдгээр шалгарлаа

Share Button

Ази номхон далайн орнуудын хуулийн сургуулиудын дунд болдог “Олон улсын хөрөнгө оруулалтын арбитрын мэтгэлцээн” тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг шилдгээр шалгарлаа.

Олон улсын хөрөнгө оруулалтын арбитрын мэтгэлцээний тэмцээн нь 2013 оноос Ази номхон далайн орнуудын хуулийн их дээд сургуулийн хооронд зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ тэмцээнд тус бүсийн шилдэг багууд оролцдог уламжлалттай. Энэхүү тэмцээнд Сөүлийн Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, Сингапурын Их Сургууль зэрэг дэлхийн нэр хүндтэй томоохон сургуулиуд байнга идэвхитэй оролцдог бөгөөд уг тэмцээн нь хуулийн сургуулийн оюутнуудын ур чадвар, чансааг шалгасан тэмцээний нэг болоод байгаа билээ.

Энэ жилийн 7 дахь удаагийн тэмцээн БНСУ-д зохион байгуулагдаж 10 улсын 23 баг оролцсон байна. Тус тэмцээнд МУИС-ийн ХЗС-ийн баг анх удаа удирдагч багш Э.Байгал (Ph.D), М.Уянга (Ph.D) болон тус сургуулийн оюутан А.Мандуул, Б.Улсболд, С.Аминаа, Б.Номуундарь нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо. Тэд шилдэг мэтгэлцэгч баг, шилдэг мэтгэлцэгч, нэхэмжлэгч болон хариуцагчийн бичгээр гаргасан шилдэг тайлбар хэмээх 3 төрлийн номинацид өрсөлдөж хариуцагч талын бичгийн шилдэг тайлбар төрөлд шалгарч том амжилт үзүүллээ.

Тэмцээнд амжилттай оролцож ирсэн багш, оюутнууддаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!