МУИС-ийн Мини Парламент клуб орон нутагт өөрийн салбараа албан ёсоор нээлээ

Share Button

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын урилгаар 2019 оны 9 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн дэргэдэх Мини Парламент клубийн төлөөлөгчид тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Мини Парламент клубийн сурагчдад арга зүйн зөвлөгөө өгөв.

 

Энэхүү арга зүйн зөвлөгөө өгөх, бенчмаркинг буюу сайн туршлагыг нэвтрүүлэх арга хэмжээ нь Баянхонгор аймагт 2 хоногийн хугацаатай үргэлжилсэн бөгөөд тус хугацаанд МУИС-ийн Мини Парламент клубийн  оюутнууд Баянхонгор аймгийн сурагчдад клубийн зорилго зорилт, үндсэн үйл ажиллагааны танилцуулга, бүтэц зохион байгуулалтын талаарх мэдээллийг хүргэсэн байна. Түүнчлэн Мини Их Хурлын дүрэм болон Мини Их Хурлын хуралдааны дэгийн тухай дүрмийг сурагчдад тайлбарлан хэлэлцүүлэг өрнүүлсэний эцэст олонхийн саналыг үндэслэн сурагчдын өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндсийг бий болгон шинэчлэн батлав.

Уг арга хэмжээнд Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Отгонбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Хүүхэд, хамгаалал, хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтэн В.Наранчимэг, ИТХ-ын Ажлын албаны ахлах мэргэжилтэн Ц.Байгальмаа, Баянхонгор аймгийн “Мини Парламент”-ийн дарга, гишүүд, хурлын тэргүүлэгчид болон МУИС-ийн “Мини Парламент”-ийн клубийн дарга, гишүүд урилгаар оролцов.

МУИС-ийн Мини Парламент клуб нь 2018 оноос эхлэн 21 аймаг, 9 дүүрэгт салбар клубтэй болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Баянхонгор аймагт албан ёсоор байгуулж, Дорнод, Сэлэнгэ аймгуудад арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан байна. Тус клубийн дэвшүүлсэн зорилт нь сурагчдын нийгмийн идэвх оролцоог сайжруулах, сурагчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшний байгууллага, албан тушаалтанд хүргэхэд оршино. Үүний талаар МУИС-ийн Мини Парламент клубийн дарга асан М.Батдорж Баянхонгор аймгийн телевизэд өгсөн ярилцлагадаа “МУИС-ийн Мини Парламент клубийн салбарыг Баянхонгор аймагт байгуулснаар сурагчид өөрт хамаарал бүхий асуудлаар шийдвэр гаргах түвшинд нөлөөлж, оролцох боломж бүрдэж байгаа нь сайшаалтай. Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүүхдийн оролцоог дэмжиж, шийдвэр гаргах түвшинд оролцуулж байгаа нь миний хувьд талархаж байна” хэмээн дурдсан байна.

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Мини Парламент клубийн  гишүүдийн олонхийн саналаар салбар клуб албан ёсоор байгуулагдаж Баянхонгор аймгийн “Мини Парламент”-ийн дарга Б.Туяацэцэгт клубийн гэрчилгээг гардуулан өгөв.

МУИС-ийн Мини Парламент клуб 21 аймагт салбараа байгуулах зорилт ийнхүү албан ёсоор эхэлж байгаа бөгөөд бусад аймаг, дүүргүүдэд байгуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг зорьж байна. Энэхүү зорилттой уялдуулан хүүхдийн оролцоог хангаж, хүүхдийн асуудлыг шийдвэрлэх түвшинд хүргэх үйл явцад дэмжлэг үзүүлэн, хүүхдэд ээлтэй засаглалыг хөгжүүлэхийг МУИС-ийн Мини Парламент клубээс нутгийн болон төрийн  удирдлагын байгууллагуудын удирдах түвшний хүмүүст уриалж байгаа бөгөөд арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хамтарч ажиллахад бэлэн байгааг илэрхийлж байна.