МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн харьяанд шинээр байгуулагдаж буй “Тайваний Хятад судлалын мэдээллийн төв”-ийн нээлт боллоо

Share Button

МУИС хийгээд Тайваний Үндэсний төв номын сангийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа, түүнчлэн Шинжлэх Ухааны Сургуулийн харьяанд байгуулагдаж буй “Тайваний Хятад судлалын мэдээллийн төв”-ийн нээлт 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр МУИС-ийн Номын санд болов.

Тус ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Улаанбаатар дахь Тайбэйн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын дэд дарга, хатагтай Ян Жүлянь, Тайваний Үндэсний төв номын сангийн захирал Зөн Шүшянь, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн дэд захирал П.Дэлгэржаргал, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх Я.Ганбаатар, МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэн, Ази судлалын тэнхимийн хятад судлаач эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид оролцлоо.

МУИС, Тайваний Үндэсний төв номын сантай хамтран ажиллах санамж бичигт МУИС-ийн дэд захирал Ч.Лодойравсал, Тайваний Үндэсний төв номын сангийн захирал Зөн Шүшянь нар гарын үсэг зурав. Мөн ховор хятад ном судрын нэгдсэн каталогийн өгөгдлийн сангийн тухай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Өнөөгийн байдлаар дэлхийн 21 оронд Тайваний Хятад судлалын мэдээллийн 31 төв ажиллаж буй ажээ. Дэлхийд нэр хүнтэй, Тайваний Хятад судлалын мэдээллийн төв албан ёсоор ШУС-ийн дэргэд байгуулагдснаар

  • Тайваний Үндэсний төв номын сангийн цахим сурвалж,
  • Хятад болон Тайваний зонхилох эрдэм шинжилгээний байгууллагын цахим сан,
  • Нэр хүндтэй тэргүүлэх чиглэлийн их, дээд сургуулиудын номын сан,
  • Хятад ховор ном судрын нэгдсэн каталогийн өгөгдлийн санд нэгдсэн АНУ, Австрали, Солонгос, Япон зэрэг олон орны 70 гаруй номын сангийн ховор хятад ном, судрыг цахимаар ашиглах боломж нээгдэж байгаа ажээ.

Тус ёслолын үйл ажиллагааны үеэр Тайваний Үндэсний төв номын сангаас шинээр байгуулагдаж буй тус төвд 541 ном хандивласан бөгөөд цаашид 2 жил тутамд хятад судлалын 500-1000 ном хандивлаж байх талаар санамж бичигт тусгажээ.