“МУИС – Гарааны Дижитал Солюшнс ХХК”-тай лицензийн гэрээ байгууллаа

Share Button

МУИС-ийн ХШУИС, Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч, проф.А.Энхбаяр, судлаач Х.Оюундолгор нарын хамтран бүтээсэн “Виртуал симуляторын цогц системийн удирдлагын дэлгэц” ашигтай загварт МУ-ын Оюуны өмчийн газрын даргын 2018.07.26-ны өдрийн А/02 тоот тушаалаар МУИС-ийн нэр дээр 20-0002858 тоот гэрчилгээ авсан. Мөн 2019 оны 4 дүгээр сард проф.А.Энхбаяр багшаар удирдуулсан судлаач, оюутнууд хамтран МУИС-ийн дэргэд  Гарааны Дижитал Солюшнс ХХК-ийг албан ёсоор үүсгэн байгуулсан ба энэхүү ашигтай загварыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зорилгоор өнөөдөр МУИС-тай лицензийн гэрээ байгууллаа.

Лицензийн гэрээ байгуулах уулзалтад МУИС-ийн Захирал Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал , Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр, ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч С.Батбилэг,  Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн,  “Гарааны Дижитал Солюшнс” ХХК-ийн үүсгэн байгуулагч  А.Энхбаяр, гарааны компанийн гишүүд Докторант А.Амгалан, Магистрант Б.Анхбаяр, М.Бямбажаргал, Б.Батзориг, Б.Батзаяа болон Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лабораторийн судлаач оюутнууд оролцлоо.

 

Энэхүү уулзалтыг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал нээж хэлсэн үгэндээ: 2012 оноос хойш МУИС-ийн нэр дээр нийт 30 гаруй оюуны өмч бүртгэгдсэн. Эдгээр оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулах, шинэ технологийг лабораторийн судалгаа туршилтаас үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд тодорхой цаг хугацаа, хүчин чармайлт шаардлагатай байдаг. Өмнө бид шинэ бүтээлийн патент болон барааны тэмдгийг ашиглуулах лицензийн гэрээг амжилттай байгуулсан ба лицензийн гэрээнээс тодорхой хэмжээний орлогыг төвлөрүүлж эхэлсэн. Энэхүү лицензийн гэрээ хэрэгжсэнээр МУИС-ийн орлого, санхүүд тодорхой хувь нэмэр үзүүлж, инноваци, технологи дамжуулалтын зөв менежментийн жишиг болж, нийт хамт олны дунд сайн үлгэр жишээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Уулзалтад МУИС-ийн Захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ: “МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний нэгдүгээр тэргүүлэх чиглэл буюу “Судалгааны хамрах хүрээ, түвшнийг дэлхийн жишигт нийцүүлэх” зорилгын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа, гэрээт ажил, технологи дамжуулалт, инновацийн орлогыг МУИС-ийн нийт орлогын 20 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Манай сургуулийн олон шилдэг судлаачдын нэг болох Проф.А.Энхбаяр багш нь судлаач оюутнуудын хамтаар МУИС-ийн алсын хараа, хэтийн зорилгод нийцүүлэн, дэлхийн жишигт нийцэхүйц өндөр технологийн гарааны компани байгуулж байгаад эрдмийн хамт олон болон захиргааны нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Өнөөдөр манай улсын эдийн засгийн хөгжилд шинэ дэвшилтэт технологид суурилсан, зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах өрсөлдөх чадвар бүхий оюуны бизнесийг багш шавь нар хамтран эрхэлж байгааг өндрөөр үнэлж гарааны компанийн цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүслээ.

Уулзалтад МУИС-ийн оюуны өмч, инноваци, гарааны компанийн хөгжил, лицензийн гэрээний агуулгын талаар Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн танилцууллаа.

“Гарааны Дижитал солюшнс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Проф.А.Энхбаяр тус компанийн хөгжлийн төлөвлөгөө болон гадаад, дотоод хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүд, ОХУ, Япон  улсын эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх эхний гэрээ, хэлэлцээр хийгдэж байгаа бодитой ажлуудын талаар танилцуулж нийт оролцогчид харилцан санал солилцлоо.

“Гарааны Дижитал солюшнс” ХХК-ийн хамт олон

Холбоо барих: МУИС, Инноваци, технологи дамжуулах төв, 77307730 /1140/, tto@num.edu.mn