“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ын “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого” салбар хуралдаан эхэллээ

Share Button

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг 2019 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулах билээ. Шинжлэх ухаан ажилтны анхдугаар Их хурал нь Монгол Улсын төр, засгаас шинжлэх ухаан, технологийг улс орны нийгэм, эдийн засгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хөгжил, дэвшлийн тулгуур хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн бодлого, зорилтыг цаг тухай бүрт нь тодорхойлон, хууль эрх зүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар онцгой анхаарч буйгийн нэгэн илрэл юм.

Анхдугаар их хурлын нээлтийн арга хэмжээ нэгдсэн хуралдааныг 9 дүгээр сарын 27-ны өдөр “Хандлагаа өөрчилье” уриан дор Төрийн ордонд болно.

Харин өнөөдөр /2019.09.26/ “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”; “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц; “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт; “Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл” сэдвийн хүрээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС-ийн хурлын танхимд болж байна.

МУИС-ийн Эрдмийн танхимд болж буй  “Судалгаанд суурилсан төрийн бодлого” I салбар хуралдааны модератороор БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, панелистаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, БСШУС-ын сайдын ахлах зөвлөх Ж.Хатанбаатар, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ҮХГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Должинсүрэн, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нар ажиллаж байгаа юм.

Салбар хуралдаанаар Монголын шинжлэх ухаан технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, төрийн бодлого шийдвэр гаргахад шинжлэх ухааны судалгаа шнжилгээнд суурилах, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгааны оновчтой, хүртээмжтэй дэд бүтэц бий болгох, тэдгээрт ажиллах хүний нөөцийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ажилтны ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төр-хувийн хэвшлийн хамтын түншлэлийг бэхжүүлэх зэрэг шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэнэ.