“МУИС-Өртөө” Цаг уур, Ус судлалын сургалтын станцад өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдлээ

Share Button

Өнөөдөр МУИС-ийн төв байрны ногоон байгууламжид байрлах “МУИС-Өртөө” Цаг уур, ус судлалын сургалтын станцад HOBO RX2100 зөөврийн иж бүрэн автомат станцыг суурилуулж хэвийн ажиллагаанд орууллаа. Үйл ажиллагаанд Хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч дэд проф. С.Батбилэг, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга д-р. А.Баярбаатар, Хэрэглээний математикийн тэнхимийн багш нараас Э.Мөнхцэцэг, Л.Жамбажамц, З.Мөнхцэцэг, Ш.Отгонсүрэн, Б.Ганболд, Г.Махгал, ШУС, БУС-ийн Газарзүйн тэнхимийн багш Д.Сандэлгэр болон Цаг уур, ус судлалын хөтөлбөрийн II-IV түвшний оюутнууд оролцлоо.

Хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч дэд проф., С.Батбилэг нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ МУИС-ийн ХШУИС-ийн зүгээс үе шаттайгаар сургалтын лаборатори, хичээлийн хэрэглэгдэхүүн, багаж төхөөрөмжийг шинэчлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэ зорилтын нэг хэсэг биеллээ олж байгаад таатай байна.  Цаг уур, ус судлалын хөтөлбөрийн оюутнуудын сургалт, дадлагын бааз суурь бэхжиж сургалт, судалгааны ажилд бодитой ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна хэмээгээд сурлагын амжилт хүслээ.

Тус тэнхимийн багш Б.Ганболд МУИС-Өртөө цаг уур, ус судлалын сургалтын станцын үйл ажиллагаа болон цаг агаарын автомат станц HOBO RX2100 -ийн ажиллах зарчим, хэмжлийн онцлог, технологийн дэвшлүүдийг танилцууллаа. Мөн багш Ш.Отгонсүрэн тус станц дээр хийгдэх шинэ багаж төхөөрөмж, лабораторийн ажлуудыг оюутнуудад танилцуулж сурлагын амжилт хүсэв.

“МУИС-Өртөө” Цаг уур, Ус судлалын сургалтын станцын өргөтгөл шинэчлэлтийн ажлын үр дүнд оюутнууд бие даан шинэ, туршилт судалгааны ажил гүйцэтгэх, онолын тооцооны аргыг бодит хэмжилтийн үр дүнтэй харьцуулан практик ур чадвараа  нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломжууд нээгдэж байгаа юм.

Энэ ажлыг санаачилж хэрэгжүүлсэн багш нар болон бүх талаар дэмжин тусалсан тэнхимийн хамт олон, сургуулийн захиргаанд талархал илэрхийлье.

Хэрэглээний математикийн тэнхим