“Нэг бүс, Нэг зам” хөтөлбөрийн хүрээнд Монгол-Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг амжилттай зохион байгуулагдав

Share Button

Олон улсын “Нэг бүс, Нэг зам” хөтөлбөрийн хүрээнд Монгол-Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөгийг “Хөршүүдтэйгээ хамтран шувуудаа хамгаалья” уриа доор БНХАУ-ын Жиншан хотын захиргаа, Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг, Монгол Улсын Их Сургууль, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Байгаль Орчны Газар, Цэнгэг Ус, Байгаль Хамгаалах Төв хамтран 2019 оны 9-р сарын 6-9-ний өдөр Соёл амралтын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулав. Ерөнхий зохион байгуулагчаар Монгол талаас МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн проф. багш С. Гомбобаатар, түүний шавь нар, БНХАУ-ын талаас Жиншан хотын захиргаа, Цун Цо Шин байгууллагын хамт олон оролцлоо.

Зохион байгуулагч, санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл

Үйл ажиллагааны үндсэн зорилго нь Монгол оронд үржээд Хятад улсад өвөлждөг нүүдлийн шувууд, бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцогч байхыг дэмжих, хоёр орны судлаачдын хамтын ажиллагаа болон шувуу ажиглах аяллыг хөгжүүлэхэд оршино.

Үйл ажиллагаанд Монгол Улсаас нийт 20 гаруй байгууллагын 60 гаруй хүн, БНХАУ-аас 17 байгууллагын 40 гаруй хүн оролцсон бөгөөд нийт 8 илтгэлийг хоёр улсын шувуу судлаач, хамгаалагчид оролцогчдод зориулан уншсан ба мөн шувуу тодорхойлох, шувуу ажиглах багаж, тоног төхөөрөмжүүд, дууч шувуу тодорхойлох болон хүрдрэлүүд, шувууны гар зураг, сийлсэн бүтээл болон бусад бүтээгдэхүүний дуудлага худалдаа, шувуу ажиглах аялал жуулчлал, шувууны гэрэл зураг, дуу, дүрс бичлэгийн тэмцээн, шувууны гэрэл зураг авах ур дүй, гэр бүлийн өдөр ба шувуу хамгаалал, залуучуудад зориулсан шувуу тодорхойлох тэмцээн зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулав. Үйл ажиллагаанд албан бус тоогоор нийт 1000 гаруй хүн зочлов.

Үйл ажиллагаанд бүхээг авч албан ёсоор оролцсон байгууллагын төлөөлөл

Хүүхдэд зориулсан үйл ажиллагааны үеэр

Шувуу судлах, хамгаалах, сурталчлах чиглэлийн ийм үйл ажиллагааг хоёр улсын хооронд тогтмол зохион байгуулах арга замаар иргэдийн байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд улс орнуудын төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах нь зүйтэй.

Монгол талаас зохион байгуулсан хамт олны төлөөлөл

Уг үйл ажиллагааг дэмжин ажилласан МУИС-ийн ШУС-ийн захирал доктор Д. Заяабаатар, Биологийн тэнхимийн эрхлэгч доктор Б. Оюунцэцэг, Биологийн нөөц хөтөлбөрийн оюутнууд, Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгийн гишүүд дэмжигчид, хамтран зохион байгуулсан байгууллагуудад гүн талархлаа илэрхийлье. Үйл ажиллагааг санхүүжүүлсэн БНХАУ-ын Жиншан хотын захиргаа, Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг, Монголика Травел ХХК-ны хамт олонд талархлаа.