“Нийгмийн ажил-нийгэм, соёлын олон талт хүчин зүйлсийн уялдаа холбоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Share Button

МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Социологи, нийгмийн ажлын тэнхим болон АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран 2019 оны 10 дугаар сарын 8-9-ний хооронд “Нийгмийн ажил-нийгэм, соёлын олон талт хүчин зүйлсийн уялдаа холбоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ-ын Ютагийн их сургууль, Өмнөд Каролинагийн их сургууль, ОХУ-ын ШУА, Буриадын их сургууль, Алс дорнодын их сургууль, БНХАУ-ын Шандуны их сургууль, Өвөр Монголын их сургууль, Шри-Ланк улсын Приданий их сургууль, Монгол Улсын эрдэмтэн, судлаачид  илтгэл хэлэлцүүлэн оролцож байна.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар сургуулийн Социологи, нийгмийн ажил тэнхим, Философи, шашин судлалын тэнхим, Антропологи, археологийн тэнхим, Улс төр судлалын тэнхимийн багш, профессорууд энэ хурлын зохион байгуулалт болон хуралд илтгэлээ хэлэлцүүлэн оролцож байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын томоохон их дээд сургуулиуд болох МУБИС, ШУТИС, АШУҮИС-ийн нийгмийн ажлын тэнхимийн эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөгчид олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлнэ.

Нийгмийн шинжлэх ухаан, түүний дотор Нийгмийн ажлын олон талт байдал, түүний хөгжлийн явц дах хүн төрөлхтний соёл шашин, бөө мөргөл, шинжлэх ухааны уялдаа холбоо, харилцан хамаарлыг судлан мэдэхэд их сургуулийн эрдэмтэн судлаачид, шашин, ёс суртахуун, танин мэдэхүйн төлөөлөгчдийн санал солилцох хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсад нийгмийн ажлын боловсрол, үйлчилгээ хөгжөөд 20 гаруй жил болж байна.  Хөгжлийн энэ үе шатанд нийгмийн ажлын практик хэрэглээний өнөөгийн байдал, туршлагыг олон улсын түвшинд харьцуулан харж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэн үндэсний болон олон улсын их дээд сургуулиудын хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах явдал их чухал. Энэ хурлын эцэст эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд нийгмийн ажлыг хөгжүүлэх хамтын ажиллагаа улам гүнзгийрэх болно.