МУИС-ийн шинэ багш нарт зориулсан чиглүүлэх сургалт боллоо

Share Button

2017-2018 оны хичээлийн жилээс МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс улирал бүр зохион байгуулж ирсэн Шинэ багш нарт зориулсан чиглүүлэх сургалт /New Faculty Orientation/ нь МУИС-д шинээр ажилд орсон багш нарт академик байгууллагын зорилго, соёл, үнэт зүйлс, бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулахын зэрэгцээ тэдэнд Үр дүнд суурилсан боловсролын зарчмууд, Хичээлийн хөтөлбөр боловсруулах зэрэг сэдвээр танилцуулах сургалт явуулж, харилцан мэдээлэл солилцох, шинэ багш нарт тулгамдаж буй сургалт,
судалгааны сорилт, боломжийн талаарх санал бодлыг сонсох, тэдний академик хөгжлийг дэмжихэд цаашид хамтран ажиллах боломжийг судлах зорилготой.


Тус төв 2019-2020 оны хичээлийн жилийн Намрын улирлын чиглүүлэх сургалтаа 2018 оны 10-р сарын 10-ны өдөр зохион байгуулж, бүрэлдэхүүн сургуулиудад шинээр ажилд орсон 15 багш хамрагдав. Үүнд: ОУХНУС-3, ХШУИС-4, БС-3, ШУС-3, ХЗС-2 багш тус тус оролцов. Сургалтыг МУИС–ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Др. Б.Очирхуяг нээж үг хэлсний зэрэгцээ ЗХНГ-ын дарга Др. Г.Мөнхбаяр МУИС-ийн Стратегийн төлөвлөгөөний тэргүүлэх зорилтуудын хэрэгжилтэд оруулах шинэ багш нарын хувь нэмэр оролцоог онцолж БХЦСТ-ийн эрхлэгч Др. С.Батцэцэг МУИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөр, багшийн хөгжлийн хувийн төлөвлөгөө, төвийн үйл ажиллагааны талаар тус тус танилцуулга хийлээ.


Чиглүүлэх сургалтад Үр дүнд суурилсан боловсролын багийн Мастер багш Др. Д.Болормаа, Т.Энхдөл нар оролцож 21-р зууны Боловсролын чиг хандлага, мэргэжилтний ур чадварын хүрээнд танилцуулах сургалтыг явуулж, багш нартай яриа өрнүүлэв. Энэ удаагийн Чиглүүлэх сургалтын шинэлэг тал нь МУИС-ийн Оюутны Хүлээлт сэдвийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулийн төлөөлөл бакалаврын 2-4 дүгээр түвшний оюутнуудтай хийсэн ярилцлага-сэтгэгдлээр бэлтгэсэн видеог багш нарт үзүүлж тэдний дунд богино хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сонирхолтой байв.

МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв
Номын сангийн 209 тоот
Утас: 75754400 – /ext.1177/
Емайл: facultydevelopmenyt@num.edu.mn