“Мини Парламент клуб”-ийн нээлтийн чуулган амжилттай болж өндөрлөлөө

Share Button

МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн “Public administration week” үйл ажиллагааны хүрээнд “Мини Парламент клуб”-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн чуулган 2019 оны 10 дугаар сарын 14-ний МУИС-ийн Төв номын сангийн 202 тоотод амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн багш Др. Г.Баасанжав, Б.Баттогтох нар, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн оюутнууд хүндэт зочноор оролцлоо.

Тус үйл ажиллагааг Др.Г.Баасанжав нээж “Мини Парламент клуб”-ийн хамт олонд клубийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэн Баянхонгор аймагт салбар зөвлөлөө нээсэнд баяр хүргэж, 2019-2020 оны хичээлийн жилд төлөвлөсөн үйл ажиллагаанд амжилт хүслээ. Энэ хичээлийн жилд шинээр элссэн гишүүд тангараг өргөж Монгол Улсын Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн Мини Их Хурлын гишүүний тэмдгээ гардан авлаа

Түүнчлэн “Мини Парламент клуб”-ийн Хууль зүй, гадаад бодлогын байнгын хорооны дарга Э.Мөнхцэцэг, Байгаль орчин, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Чанцал, Шинжлэх ухаан, боловсролын бодлогын байнгын хорооны дарга Б.Зулцэцэг нар 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Мини Их Хуралд танилцуулсан бөгөөд Мини Их Хурлын гишүүд санал бодлоо солилцож, хэлэлцсэний үр дүнд 3 чиглэл бүхий 10 гаруй үйл ажиллагааг батлан  “Мини Парламент клубийг 2019-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн баримт бичиг батлагдлаа. “Мини Их Хурал”-н нийт гишүүд, зохион байгуулагчид болон дэмжигч оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим