Турк Улсад хэлний бэлтгэл хөтөлбөрт бүрэн тэтгэлэгтэй суралцах оюутнуудад батламж гардуулав

Share Button

МУИС, Измир Катип Челеби Их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн гадаад хамтын ажиллагааны дагуу МУИС-ийн Түрэг судлалын хөтөлбөрийн 11 оюутан 2019-2020 оны хичээлийн жилд БНТУ-ын Измир Катип Челеби их сургуулийн Турк хэлний бэлтгэл хөтөлбөрт 1 жилийн турш бүрэн тэтгэлэгтэйгээр суралцах болсонтой холбогдуулан батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Уг ёслолд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургуулийн ректор Саффет Көсе, БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэрэг хамаарагч Жем Алгүмүш, ТИКА-гийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн орлогч Сибел Гүнэги болон албаны бусад хүмүүс, оюутнууд, тэдний төрөл төрөгсөд оролцов.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ МУИС-ийн Түрэг судлалын оюутнуудыг БНТУ-д 1 жилийн турк хэлний сургалтыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлж буйд нь БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ТИКА, БНТУ-ын Ах дүү орнуудын хэрэг эрхлэх газар (YTB), Монгол улсаас БНТУ-д суугаа ЭСЯ, Измир Катип Челеби Их сургууль зэрэг байгууллагуудад талархал илэрхийлээд оюутнуудад хандан улс орны нэр хүнд, эцэг эхийн захиасыг эрхэмлэн амжилттай суралцаад ирэхийг захив. МУИС-ийн Түрэг судлалын хөтөлбөрийн II түвшний оюутнууд болох Энхмаагийн Ананд, Батмөнхийн Оюунзаяа, Лувсаннямын Мандухай, Баттулгын Номун-эрдэнэ, Дашдондовын Энхбилгүүн, Пүрэвсүрэнгийн Солонго, Баттулгын Халиун, Зоригтбаатарын Мягмаржав, Төрбатын Батчимэг, Эрдэмбилэгийн Саранболор, Батсайханы Солонго нар 2019-2020 оны хичээлийн жилд БНТУ-ын Измир Катип Челеби Их сургуулийн Турк хэлний бэлтгэлд 1 жилийн туршид бүрэн тэтгэлэгтэйгээр суралцахаар батламжаа гардан авцгаав. МУИС, Измир Катип Челеби их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу ШУС-ийн Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын хөтөлбөрийн II түвшний 10-15 оюутныг жил бүр уг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар тогтсон билээ.

Үйл ажиллагааны төгсгөлд хоёр сургуулийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллаж Монгол Улсад Түрэг судлалыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн БНТУ-ын Измир Катип Челеби Их сургуулийн ректор, профессор Саффет Көсед МУИС-ийн нэрийн өмнөөс өргөмжлөл гардуулав.

Дашрамд дурдахад МУИС, Измир Катип Челеби Их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн зүгээс 2019 оны 10-р сарын 4-5-нд Туркийн Измир хотод Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Өнгөрснөөс эдүгээг хүртэлх Монгол, Туркийн түүхэн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж МУИС, ШУА, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачдын төлөөллийг урилгаар оролцуулсан юм. Үүнээс гадна МУИС-ийн Түрэг судлалын хөтөлбөрийн 1 багшийг Измир Катип Челеби их сургуульд 100 хувийн тэтгэлгээр докторын сургалтад хамруулахаар болсныг уг ёслолын ажиллагааны үеэр мэдээлэв. МУИС-ийн захирал, профессор Я.Төмөрбаатар энэ үеэр тус хүрээлэнгийн үйл ажиллагааг өндрөөр үнэлэн эрдэм шинжилгээний хурал, оюутан, багш нарыг сургах хийгээд тохижилтын ажлыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл МУИС-д 250 сая гаруй төгрөгийн шууд ба шууд бус хөрөнгө оруулалт болохыг цохон тэмдэглэв.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС