Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлцгээе!

Share Button

Ясны сийрэгжилт гэдэг нь ясны жин буурч , ясны эдийн бичил бүтэц өөрчлөгдсөнөөр яс  хэврэгшин хугарах эрсдэл үүсгэдэг  араг ясны системийн өвчин юм. Ясны эд эсийн бөх бат байдлыг хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг элемент нь кальц болон Д амин дэм юм.Хүний бие махбодийн кальцын 99 % нь ясанд, 1 % нь эсийн гадна шингэн ба зөөлөн эдэд  байдаг.  Хүний хоногийн кальцын хэрэгцээ 1000- 1500 мг, Д амин дэм 800-1000IU байдаг.

Ясны сийрэгжилт өвчин нь  зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин өвчний дараа 4-р байранд орж ирж эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа 21-р зууны чимээгүй тахал юм.Дэлхийн олон улс  оронд ясны сийрэгжилт өвчин залуужих хандлагатай байна.

Ясны сийрэгжилт нь дотоод ба гадаад хүчин зүйлсээс болж үүсдэг.

Дотоод хүчин зүйлс:

  • Удамшил
  • Биеийн жингийн индекс бага байх
  • Өсвөр нас
  • Цэвэршилтийн үед / эстроген, тестостерон/
  • Жирэмсэн болон хөхүүл үе
  • Дотор эрхтний эмгэгүүд

Гадаад хүчин зүйлс:

  • Хоол хүнсээрээ хангалттай хэмжээний кальц авч чадахгүй байх
  • Хөдөлгөөн бага байх эсвэл хэт их биеийн хүчний ажил хийх
  • Хийжүүлсэн ундаа ,кофе, архи тамхи хэтрүүлэн хэрэглэх
  • Мансууруулах бодист донтох
  • Зарим эмийн бодисууд г.м

Шинж тэмдэг:

  • Яс, үе мөч, нуруугаар янгинаж өвдөх, шөрмөс татах
  • Нуруу суулт өгч намхан болох
  • Ялимгүй зүйлд яс амархан хугарах, цуурах
  • Шүд хорхойтох, унах, буйл үрэвсэж цус гарах, шүд халуун хүйтэнд мэдрэг болох
  • Үс унах, хумс хугарамтгай болох, арьс хуурайших

Ясны сийрэгжилт байгаа эсэхийг рентген, денситометрийн аппаратаар болон цусны кальц, фосфат, витамин Д, бамбайн дэргэдэх булчирхайн гормоны шинжилгээнүүдээр оношилно.

Урьдчилан сэргийлэх арга замууд:

  • Кальц, витамин Д-ээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Өдөр тутамд 20- 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гарах
  • Хорт зуршил архи, тамхинаас татгалзах
  • Хийжүүлсэн ундаа, кофег зохистой хэмжээгээр хэрэглэх
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх

Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

ХҮГ.  МУИС –ийн эмнэлэг

Оюутан, төгсөгчийн хэлтэс