МУИС | Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Share Button

Өнөөдөр /2019.10.21/ Монгол Улсын их сургууль Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхтэй холбоотой талуудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн захиалгат ажлуудыг зохион байгуулах, холбогдох бусад бүх чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Санамж бичгийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар үзэглэсэн бөгөөд талууд нийгэмд манлайлагч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж буйг онцолсон юм.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар энэ үеэр хамтын ажиллагааны хүрээнд хийх зарим ажлыг дурдав. Тухайлбал, санамж бичгийн хүрээнд, МУИС-ийн оюутнуудыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийхэд дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, МУИС-ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,  МУИС-д ахисан түвшний оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, “ЭТТ” ХК-ийн үйл ажиллагааны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн захиалгат ажил хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, “ЭТТ” ХК-ийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамрагдах, боловсролын зэргээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, “ЭТТ” ХК-ийн үйл ажиллагаа, 1072 хувьцааны талаар оюутан суралцагчид, багш ажилчдад мэдээлэл түгээх зэрэгт хамтран ажиллах талаар ярилцлаа.