JAXA –ын сургалт МУИС дээр амжилттай явагдаж өндөрлөлөө

Share Button

Японы засгийн газрын Сансрын асуудал хариуцсан кабинетийн санаачлагаар “Сансрын Инженерчлэл ба Хэрэглээ” сэдвийн хүрээнд “SPACE SYSTEMS DEFINITION, DESIGN, OPERATION” нэртэй сургалтыг Монгол Улсын Их Сургууль, Японы “Japan Manned Space Systems Corporation” (JAMSS), Кюүшүгийн Технологийн Институт болон Монголын Сансрын Технологийн Холбоо (MOSTA)  хамтран амжилттай зохион байгууллаа. Япон улсын хувьд энэхүү сургалтыг анх удаа гадаад оронд буюу МУИС дээр зохион байгууллаа.

Тус сургалтаар сансрын технологи нь бидний амьдралд ямар ач тустай, хүмүүсийн хэрэгцээг хиймэл дагуул болон сансрын технологиор дамжуулан хангахдаа тухайн системийг хэрхэн тодорхойлж загварчилдаг, хиймэл дагуулыг яаж хийдэг, хөөргөхөөс өмнө сансрын орчны тестүүдийг хэрхэн хийдэг, сансраас хиймэл дагуулын мэдээллийг хэрхэн татаж авч бидний өдөр тутмын амьдралд хэрэглэдэг зэрэг технологийн өргөн цар хүрээтэй мэдлэгийг үнэ төлбөргүй олгосон юм. Сургалтын материалыг Японы Сансрын Агентлаг JAXA –гаас бэлтгэн оролцогчдод moodle платформоор дамжуулан хүргэлээ.

Сургалт 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд нийт 4 өдөр үргэлжилсэн бөгөөд сургалтыг “Axelspace”компаны бизнес страгегийн хэлтэсийн дарга, инженер, Др. Катерина Агеева зааж, амжилттай төгсөгчид JAMSS –ийн сертификатыг гардуулж өгөв.

Энэхүү сургалтад ТЭМҮҮЛЭЛ хиймэл дагуулын төсөл дээр ажиллаж буй оюутан судлаачдаас гадна ШУА-ын Одон Орон Геофизикийн Хүрээлэн болон Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар, Шинэ Монгол Техник Инженерийн Коллеж, Монгол Коосэн Технологийн Коллеж, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль, Агаарын спортын Маэстро Эйро Клуб, Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн, Онцгой Байдлын Ерөнхий Газар зэрэг байгууллагуудын холбогдох мэргэжилтэн, судлаачид оролцлоо.

 

Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори

Инноваци, Технологи Дамжуулах Төв